УИХ-ын 2014 оны намрын чуулган өндөрлөлөө
2015 оны 02 сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан
2015.02.24

УИХ-ын 2014 оны намрын чуулган өндөрлөлөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.02.18/ нэгдсэн хуралдаан байнгын хороодын хуралдааны дараа дахин үргэлжилж, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан тогтоолыг эцэслэн баталлаа.

Дараа нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Су.Батболд танилцууллаа. Санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй. Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг баталлаа.

Үүний дараа Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталсан.

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Эдийн засгийн байнгын хороогоор тус төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг асуулт асууж, хариулт авсан. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 93 хувийн саналаар хуулийг эцэслэн баталлаа.

Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу тус хорооны дарга, нарийн бичгийн даргыг хорооны гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор томилдог бөгөөд УИХ-ын дарга З.ЭнхболдСонгуулийн ерөнхий хорооны даргаар Чойнзонгийн Содномцэрэнг улираан томилуулах, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханыг томилуулах саналаа танилцуулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд нэр дэвшигчдийг томилохыг дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн А.Бакей уншиж сонсгосон.

УИХ-ын даргын санал, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулангишүүдээс асуулт, гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нэр дэвшигчдэд сонгуулийн үеэр хуулиа барьж ажиллахыг сануулсан. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ч.Содномцэрэнг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар улираан, Ц.Болдсайханыг тус хорооны нарийн бичгийн даргаар томиллоо. Түүнчлэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталсан.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай байлаа. Асуудлыг хэлэлцэх үеэр Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг тавьсан гишүүд нэгдсэн хуралдаанд оролцоогүй учир УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар горимын санал гаргасан.

Тэрбээр Засгийн газрын гишүүнийг огцруулах төсөл өргөн барьсан гишүүд хуралдаанд оролцоогүй учир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38.2-д заасныг үндэслэн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсч, санал хураалт явуулан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлсэн.

Б.Гарамгайбаатар гишүүний горимын санал дэмжигдсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсон, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд Засгийн газрын гишүүнийг огцруулах шаардлагагүй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Сарангэрэл нар асуулт асууж, хариулт авсан юм.

Ингээд Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 97.6 хувь нь огцруулах шаардлагагүй гэж үзлээ.

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа дуусч, УИХ-ын дарга З.Энхболд намрын ээлжит чуулганыг хааж үг хэлснээр 2014 оны намрын чуулган өндөрлөлөө. 2014 оны намрын чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг www.parliament.mn, open.parliament.mn цахим хуудаснаа бүрэн эхээр нь нийтэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.