Б.Бат-Эрдэнэ: Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг УИХ-Д оруулна
2011.06.09

Б.Бат-Эрдэнэ: Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг УИХ-Д оруулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны уржигдар болсон хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан өргөн барьсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ус-ны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн хурал орхин гарчээ.

Тэдгээр гишүүд олон нийтийн нэрлэж заншсанаар "урт нэртэй хуулийг алтны компаниудын лоббид автаж өөрчилж болохгүй гэж үзэж байгаа юм байна. Гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Энхбат, Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан нар өчигдөр хэвлэлийн бага хурал  зарлалаа. УИХ байгаль орчинд ээлтэй бодлого баримталж, гол мөрөн, ой модоо хамгаалах тухай хууль батлаад хоёр жил өнгөрч байхад Засгийн газар энэ хугацаанд хуруугаа ч хөдөлгөхгүй байгаад гишүүд бухимдаж байв.Тэд ийн ярилаа.

Б.Бат-Эрдэнэ:

-УИХ-аас баталсан хуулийг Засгийн газар хоёр жил хэрэгжүүлсэнгүй.Үүнийг хэрэгжүүлэхгүй байх сонирхол Эрдэс баялаг, эрчим хүчний болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад байгаа юм.Тэдний шууд хариуцах ёстой ажил шүү дээ. "Урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үед хойшлуулъя гэсэн саналыг бид гаргасан юм.Тэгтэл Байнгын хорооны дарга гишүүдийн ирц дутуу байхад асуудлыг хэлэлцүүлээд явчихсан. Энэ нөхөд хуулийг ямар ч аргаар хамаагүй өөрчлөхөөр улайран зүтгэж байна. "Урт нэр"-тэй хуульд өөрчлөлт оруулах төслийг гишүүдээр дамжуулан өргөн барьсан нь анхаарал татаж байгаа юм.Төсөл санаачилсан нэр бүхий гишүүд бүгдээрээ өмнөх хуулийг батлахад дэмжсэн санал өгсөн гэдгийг хэлье. Байнгын хорооны хуралдааныг долоон гишүүн орхин гарсан. Бид байгаль орчноо аврах, хамгаалахын тулд гаргасан хуулиа хэрэгжүүлэхийн төлөө хатуу зогсох болно. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт уул уурхайн компаниудад өгөх таван их наядын хэмжээтэй мөнгө нэхээд байгаа болохоос тэдгээр компаниуд байгаль орчинд хэр их хохирол учруулсан, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг огт дурсахгүй байгаа нь хачирхалтай. Нэг их том тоо хэлчхээд хууль хэрэгжүүлэхгүй суугаад байгаа сайд шүү дээ. Би сайдад шууд хэлсэн, чи бол дотор санаа, хужаа аргаар ажилладаг хүн юм байна гэж.

Г.Баярсайхан:

-1998 онд мод экспортлохыг хориглох шийдвэр гаргаж байхад яг ийм лобби хүчтэй явж байсан. Энэ олон хөрөө рам ажиллуулж байгаа хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэх зэргээр маш их сөрөг сурталчилгаа явсан. Гэтэл өнөөдөр ямар үр дүнд хүрснийг бид бүгдээрээ мэднэ. Одоо бүх. нийтээрээ мод огтлох биш, тарьдаг аян өрнүүлж бай-гаа. "Урт нэр"-тэй хуулийн үр дүн яг ийм байдлаар гарах учиртай юм. Байгаль орчин сүйтгэсэн үйл ажиллагааг олон улсад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үздэг болсон. Гүйцэтгэх засаглал энэ хуулийг лобби хийж өөрчлөх биш, харин хэрэгжүүлэх үүрэгтэй.

Ц.Даваасүрэн:

-Мөнгөний төлөөх солиоролд байгаль орчин хамгийн ихээр сүйдэж байгаа. Уул ус, ой модныхоо нэг хэсгийг хойч үедээ үлдээе л дээ. Ганцхан бид амьдраад дуусахгүй. Улстөрч болгон байгаль орчиндоо, нутаг усандаа хайртай гэж ярьдаг боловч яг амьдрал дээр өөр зүйл хийгээд явж байгааг юу гэж ойлгох вэ. Засгийн газар хууль хэрэгжүүлээгүйн төлөө гишүүд баталсан хуулиа үгүйсгэх, өөрчлөх нь  утгагүй хэрэг.

Ц.Сэдванчиг:

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бага нөөцтэй алтны орд, усны сан, ойн нөөц бүхий газар ашигт малтмалын зөвшөөрөл олгохгүй, ийм төрлийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсооно гэсэн заалт бий. Энэ дагуу л УИХ "урт нэр"-тэй хуулийг баталсан гэдгийг хэлье. Харин тэгтэл Засгийн газар иргэдэд амла-сан амлалт, өмнөө тавьсан зорилтынхоо эсрэг зогсож байгааг гайхаад барахгүй

юм.

Д.Энхбат:

-Монголчуудын өмнө алтаа ухах уу, усаа сонгох уу гэдэг сонголттой нүүр тулж байх шиг байна. Хууль батлаад хоёр жил өнгөрч байхад Засгийн газар хэрэгжүүлсэнгүй. Яагаад гэвэл Засгийн газар өөрөө уул уурхайн лиценз эзэмшдэг улстөрчдийн байгууллага болчихсон шүү дээ. Хэрэв хуулийг хэрэгжүүлэхэд асуудал байгаа юм бол Засгийн газар өөрөө яагаад төсөл оруулж ирсэнгүй вэ. Уул уурхайн компаниудад өгөх нөхөн олговрын хэмжээг сайд нь ч, Байнгын хорооны дарга нь ч яриад байгааг гайхаж байна. Компаниуд хохироод сүйд боллоо гэх юм. Байгаль орчныг сүйтгэсэн, эргэж сэргэхээргүй болтол хохироосон талаар яагаад хэн ч ярихгүй байгаа юм бэ.Тэд тоглоом тоглож эхэллээ. Засгийн газар УИХ-ын гишүүдээр, цаашилбал Монголын ард түмнээр тоглож байна.

Хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа гишүүд ийн ярилаа. Хэрэв та бүхний саналыг сонсохгүй, хуулийг хэрэгжүүлэхгүй бол яах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад гишүүн Б.Бат-Эрдэнэ "Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг УИХ-д дахин оруулна" Ерөнхий сайд С.Батболд энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа гэдгээ чуулганы хуралдаанд мэдэгдсэн. Одоо Ерөнхий сайдад найдаж байна" гэсэн хариулт өглөө.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.