Д.Ганбат: Засгийн газрын толгойг илээд байж таарахгүй
УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Зарим гишүүн сүүлийн үед Засгийн газарт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Тэдний нэг нь та. Өнөөдөр ингэж муу, муухайг нь гайхах байсан юм бол яагаад гишүүд эхнээсээ Н.Алтанхуягийн Засгийг дэмжсэн юм бэ?
-Дэлхий нийтэд засаглал хуваах зарчмаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж гурав хуваадаг. Үүнийг хольж хутгаж болохгүй. Манай улсын хувьд аливаа шийдвэрүүдийг маш хурдтай гарган ажиллаж, олдож буй боломжуудыг зөв ашиглах хэрэгтэй байна. АН-ын хувьд олонх биш олон гишүүнтэй л байгаа шүү дээ.
-Анхнаасаа олон гишүүн сайд болсон нь АН-ын боловсон хүчний асуудалтай холбоотой байв уу. Эсвэл шаардлага, шахалтын дор Засгийн газрын бүтцийг сонгосон юм уу?
-Боловсон хүчин гэхээсээ илүү өнөөгийн хууль эрх зүйн орчинд УИХ-ын гишүүд сайд байж болохгүй гэсэн заалтгүй учраас боломжийг хаагаагүй. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуульд хязгаарлалт тогтоосон. Энэ нь ирэх 2016 оноос эхлэн хэрэгжих учиртай.
-АН-ын зарим гишүүн Засгийн газраа муулж, Ерөнхий сайдаа буруутгаж байгаа нь нам доторх фракциудын байр суурьтай холбоотой гэх мэдээлэл байгаа?
-Нийгэмд ямар ч яриа, шуугиан гарч болно. Хэн юу ярих нь тухайн хүний эрх. Энэ нь ардчилсан нийгмийн зарчим. Гэхдээ хэн нэгнийг гүтгэж, доромжлоогүй л бол энэ эрх нээлттэй.
Засгийн эрхэнд буй хүмүүсийг ажлаа сайн хийгээсэй гэсэндээ ард түмэн саналаа өгч биднийг сонгосон.
Фракциудын өрсөлдөөн гэхээсээ УИХ-ын гишүүд үүргээ биелүүлж буй хэрэг. Засгийн эрхэнд буй хүмүүсийг ажлаа сайн хийгээсэй гэсэндээ ард түмэн саналаа өгч биднийг сонгосон. Тиймээс парламентын гишүүд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь анхаарах, шаардах, хянах үүрэгтэй. Энэ нь парламентад арай олон суудал авсан манай намын ч зорилго. Учир нь намаас боловсруулсан мөрийн хөтөлбөрийн дагуу бид сонгогдсон. Тиймээс түүнийгээ биелүүлэхийн тулд Засгийн газрыг шахаж ажиллуулах ёстой. Тэгж байж үр дүн нь дараагийн сонгуулиар харагдана. Тэр утгаараа шахаж, шаардсан. Үр дүн нь ч гайгүй болж байх шиг байна.
-Гэхдээ та байн байн Н.Алтанхуяг муу ажилалаа гээд байгаа нь цаагуураа дараагийн Ерөнхий сайдад Х.Баттулгыг дэмжиж буй алхам юм биш үү?
-Х.Баттулга сайд бид хоёр нэг нутгийнх, нэг тойргоос хамт сонгогдсон, ажлаа хамтарч хийдэг, олон жилийн өмнөөс МоАХ-д зүтгэж яваа үзэл бодол, итгэл үнэмшлээрээ гар нийлсэн хамтрагчид.
Засгийн газрыг муулах биш шүүмжилсэн. Хэрвээ сайн хийж, гүйцэтгэж байсан бол би түүнийг нь ч гэсэн хэлэх л байсан. Болохгүй, бүтэхгүй байгааг нь хэн бүхэн харж байгаа. Тиймээс хэн нэгэн хэлэх ёстой биз дээ. Дутагдал байвал толгойг нь илээд байж болохгүй гэдэг зарчмаар л би хэлсэн. Зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч бус бүлгийн хуралдаан болон чуулганы үеэр ч шүүмжлэх асуудлаа хэлчихдэг. Бид Монгол Улсын төлөө монголчуудаасаа цалин авч ажилладаг хүмүүс.
-Хэсэг гишүүн тун удахгүй УИХ-д Хүний эрхийн байнгын хороотой болох тухай хуулийн төсөл өргөн барих гэж байгаа. Та Хүний эрхийн дэд хороог толгойлдог хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид 1990 оны цагаан морин жилээс хойш сонголтоо хийн хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулж яваа. Үндсэн хуульдаа ч хүний эрхийн тухай заачихсан. Бид НҮБ-ын Хүний эрхийн конвенцид нэгдсэн орны хувьд хоёр хөрш болон Ази тивдээ хүний эрхийг дээдэлдэг орнуудын дунд толгойнд явахын тулд хичээж байна.
НҮБ-д ч УИХ-даа хүний эрхийн байгууллагыг байнгын хорооны түвшинд ажиллуулна гэдэг амлалт өгөөд нэлээд олон жил болж байгаа. Үүнийгээ биелүүлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хүний эрхийн асуудал хаана ч анхдагч асуудал, хэзээд яригдаж байдаг. Бид өнөөдөр хүний эрхийг бүхий л талаар дээдлэж байна уу гэвэл бас үгүй шүү дээ. Тиймээс Хүний эрхийн талаар ажилладаг байнгын хороо бий болвол илүү үр дүнтэй, монголчуудын амьдрал ахуйд нийцнэ гэж бодож байгаа.
-Энэ удаагийн парламентад Өргөдөл, гомдлын байнгын хороог шинээр байгуулсан. Хэрвээ дээрх хуулийн төслийг өргөн баривал сөрөг хүчний зүгээс ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарах юм биш үү?
Эрх мэдэлтнүүдийн дунд энгийн иргэдийн эрх ихээр зөрчигддөг
-Өргөдөл, гомдлын байнгын хорооны талаар АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдчихсан байсан асуудал. Тиймээс санал авч дэмжигдсэн гишүүд нь үүнийгээ биелүүлсэн. Хүний эрхийн асуудлыг хариуцах байнгын хорооны тухайд бол сөрөг хүчнийхэн дэмжих байх гэж бодож байна. Яагаад гэвэл нэгэнт улс орны хэмжээнд байх ёстой гэдэг нь илэрхий харагдаж байгаа.
Эрх мэдэлтнүүдийн дунд энгийн иргэдийн эрх ихээр зөрчигддөг. Үндсэн хуулийн хүний эрхийг дээдлэх ёстой гэдэг зарчмыг алдагдуулахгүйн тулд дэмжлэг авах байх гэж бодож байна. Тэгээд ч УИХ-ын бүрэлдэхүүнд орон тоо нэмэгдэхгүй шүү дээ.
-Тэгэхээр нэг хуулийн заалт нөгөөтэйгөө харшилдах болон хуулийн цоорхой үлдэж хэн нэгний эрх зөрчигдөхөө болих нь гэж ойлгож болох уу?
-Ийм тохиолдолд УИХ-д өргөн барьж буй хуулийн бүхий л төслийг хэлэлцэх шатанд нь хүний эрхийг хэрхэн хэрэгжүүлэх нь вэ гэдэг утгаар нь авч үзэх боломж бүрэн нээгдэнэ гэж ойлгож болно.
-Та одоо байгаа дэд хорооны дарга. Тиймээс энэ байнгын хороог тэргүүлэх үү?
-УИХ-ын гишүүн гэдэг маань ард түмний итгэлийг хүлээж, төлөөлж байгаагийн хувьд маш их хариуцлагатай ажил. Түүнээс заавал давхар ямар нэгэн сэтэр зүүхийн төлөөх тэмцлийн нэр биш шүү дээ.