П.Сайнзориг: Хуульд байхгүй Үндэсний хороо, Зөвлөл нэртэй байгууллагуудыг татан буулгах болсон
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад олгогдсон хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийн хүрээнд оруулж ирж байгаа учраас гишүүд саналаа хэлэх байдлаар оролцоно. Заавал ийм байх ёстой гэдэг зүйлийг хэлэхгүй гэдгийг сануулж хүндэтгэлтэй хандаж байна.
Нэгдүгээрт,
Монголын парламентын түүхэнд Ерөнхий сайд бүрэн эрхээ эдлэхдээ тодорхой гарын авлага, харьцуулалтууд зэрэг аль институтээсээ байх ёстой зэргээ хийж явах ёстой юм байна лээ. Өнөөдөр газрын асуудал гэхэд 5-6 яам дээр байна. Барилга, хот байгуулалтын яам, Ерөнхий сайдад байна. Хил хамгаалах газарт гээд хууль зүйн сайд руу ороод ирсэн. Чөлөөт бүсийн асуудал гэхээрээ Шадар сайд руу ороод ирдэг. Тусгай хамгаалалтай газар нутаг гэхээр Байгаль орчны сайд руу ороод ирдэг. Ашигт малтмал ашиглуулах талбайн хэмжээ тогтоох гэхээр Уул уурхайн сайд руу ордог ч юм уу. Энэ үндсэн нөөц болсон эдийн засгийн капиталаа хэрхэн менежмент хийх вэ гэдэг дээр салангид байж ирсэн. Үүнийг Ж.Алдаржавхлан гишүүн бас хэлж байна. Энэ зөв. Үүнийг харьцуулж гарын авлага дээрээ дүгнэлт хийгээд бүтэц бүрэлдэхүүнээ хэрхэн зурах, парламентыг төгөлдөржүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах, давхардал чиг үүргийг арилгая гэвэл анхаармаар байна. Үүнийг Ерөнхий сайд дараа дараагийн хүмүүстээ бэлдэж, анхаараач ээ гэж зөвлөж байна.
Хоёрдугаарт,
Боомт, Засгийн газрын үйл ажиллагааны чиг үүргүүдийг давхцуулаад хэд хэдэн Засгийн Газрыг үзэж ажиллаа. Засгийн газрын гишүүдтэй зэрэгцээд үндэсний хороодыг ч гэсэн байгуулж ажиллаа. Магадгүй компаниудад ч бас өгч ажиллаа. Энэ бүгдийг Ерөнхий сайд зоригтой шийдэж ажиллана гэдгийг дэмжиж байна. Хуульд байхгүй Үндэсний хороо, Зөвлөл нэртэй байгууллагуудыг татан буулгах болсон. Эдгээр байгууллагууд яамнуудын ажлыг хийлгэхгүй байна. Тоон мэдээ гаргаж өг, пересантази бэлдэж өг гэсэн ярвайсан дарга царайлсан хүмүүс Яамнуудын ажлыг хийлгэхгүй байна. Энэ бол бодит практик шүү. Гадуур нь гараад ПР хийх гэхээр би хийлээ, чи хийлээ гээд байдаг. Тиймээс ийм зүйлүүдийг цэгцэлж байгаад нь дэмжиж байна. Хуульгүй Үндэсний хороонуудыг би ярьж байгаа шүү. Ялангуяа Эрчим хүч дээр жишээ авъя. Иймэрхүү зүйл цаашдаа гаргамааргүй байна.
Боомтын үндэсний хороог татан буулгаж байгаа. Би гэхдээ болгоомжилж хэлж байна. Цаашдаа Сангийн яам маань аваад явах юм байна. Үүнийг битгий хавсарга байдлаар авч яваарай. Боомтын асуудлыг бас цэгцтэй авч яваагүйгээс шалтгаалаад экспорт, импортын асуудлууд хумигдсан шүү. Зөвхөн Замын-Үүд боомт дээр осол гарлаа гэхэд Монгол Улс зогсож байгаа шүү. Замын-Үүд боомтоороо зорчигч нь ч явдаг. Аюултай ачаа бараа нь ч явдаг. Уул уурхайн түүхий эд нь ч явдаг орон манайхаас өөр байхгүй. Боомтын асуудлыг онцгой анхаараарай гэж хэлье.
Хууль зүйн дотоод хэргийн сайд байна. E-Gate асуудлыг 3 боомт дээр хийсэн юм. Хууль зүйн дотоод хэргийн яаманд байхдаа Сангийн яамтай хамтраад хийсэн. Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомт дээр тавилаа. Илүү олон боомт дээр тавиарай гэж хүсэж байна. Ингэвэл боомтын нэвтрүүлэх чадвар сайжирна.
Эцсийн үгийг сонгогчдынхоо өмнөөс хэлж байна. Хагас бүтэн сайнд Сонгинохайрхан дүүргийн сонгогчдоос маш их гомдол ирлээ. ЭЕШ-тай холбоотой. Алтан гахай жилд төрсөн 42,000 хүүхэд энэ жил төгсөж байгаа юм байна. Эдгээр хүүхдүүдийн алхам хийх гэж байгаа үед хайхрамжгүй, зохион байгуулалтгүй оролцож байгаа хүмүүст арга хэмжээ аваарай. Дээрээсээ доошоо хүртэл аваарай гэж хүсэж байна. УИХ хурлын дарга бас анхаараасай гэж хүсэж байна.
Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариуллаа.