УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
2013.08.19

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал хэцүүдэж байгаа энэ үед УИХ-ын ээлжит бус чуулган хэзээ хуралдах бол гэсэн хүлээлт олны дунд байгаа. Гэвч хэзээ хуралдах эсэх нь тодорхойгүй л байна.

Мэдээж эдийн засгийн энэ нөхцөл байдал Үндэсний аюулгүй байдал алдагдах уу, үгүй юу гэдэг дээрээ тулсан. Гадаадын хөрөнгө оруулалт зөгсож, ам.доллар гадны орныг ихээр “зорьсон”. Дээр нь Оюутолгойн асуудал гээд шийдвэрлэж, нэг тийш нь болгох ажил их байхад УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах албан ёсны тов гарсан эсэх нь тодорхойгүй байна.

Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ирэх сарын 2-6-ны хооронд хуралдана” хэмээн мэдээлж байгаа юм. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах тов УИХ-ын гишүүдэд ирсэн эсэхийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах талаар мэдээлэл алга.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх сарын ихээр хуралдана гээд биччихсэн байна билээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх дээр албан ёсны шийдвэр гараагүй байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагын хариу ч ирээгүй байна.

Ямартай ч гишүүд ийн ярив. Уг нь УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах юм бол хөрөнгө оруулалт, энэ оны төсөвт тодотгол хийх гэх мэт олон хуулийн төслийн талаар ярилцах юм. Тодруулбал, Засгийн газраас өргөн. барихаар боловсруулан бэлтгэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлахаар төлөвлөжээ.

УИХ-ын хуралдаан

Мөн эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдлыг даван гарах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Засгийн газраас боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудал ч байгаа аж. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хувьд өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэхээр Засгийн газраас бэлтгэж байсан.

Уг хууль батлагдсанаар өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хүчингүй болох аж.

Түүнчлэн цаатан иргэд амьдралын онцлог байдал, аж төрөх хэв шинжээсээ шалтгаалан байнгын тогтвортой орлогогүй, төв суурин газраас алслагдмал амьдарч цаа бугаа даган байнга нүүдэллэн амьдардгаас шалтгаалан нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүй. Иймд тайгад амьдардаг цаатан иргэдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.

Зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан байна. Энэ төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Уг хуулийн төсөл батлагдсанаар цаатан иргэн нийгмийн даатгалд хамрагдаж, өндөр настны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж авах боломж бүрдэх аж.

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж, УИХ- ын эрхэм гишүүд хөдөө орон нутгийг зорьсон ч одоогийн байдлаар ихэнх гишүүн нийслэлд байгаа. Харин цөөн тооны гишүүн тойрогтоо, мөн гадаадад ажиллаж байгаа талаар эх сурвалж өгүүлсэн. Тойрогтоо ажиллаж байгаа гишүүдийн хувьд “УИХ- ын чуулган хуралдвал тэр даруйдаа ирнэ” хэмээн мэдэгдсэн.

Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг ойрын өдрүүдэд хуралдуулж өдгөө үүсээд байгаа эдийн засгийн “хямралаа” нааштайгаар шийдэх л үлдлээ.