Ардчилсан намынхныг “ташуурдаад” өгөөч Ерөнхийлөгч өө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.08.14

Ардчилсан намынхныг “ташуурдаад” өгөөч Ерөнхийлөгч өө

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзахдаа Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан. Ингэхдээ шаардлагатай бол УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар дурьдсан билээ.

Таны энэ саналыг МАН-ынхан дэмжсэн. Бүр шаардлага хүргүүлсэн. Тэд сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх нөхцөл бүрдсэн ч улс орныхоо үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээгээр санаа зовж байгаа. Мөн МАХН-ынхан зарим гишүүн ч тэр.

Гэтэл Ардчилсан намынхан төдийлөн ач холбогдол өгөхгүй “Юун УИХ-ын ээлжит чуулган” гэх мэтээр хандаж байна. Ялангуяа  Засгийн газарт байгаа  хүмүүс ийм сэтгэлээр хандаж байна.

Тодруулбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “УИХ МАН-ын шаардлагаар хуралдчихдаг юм биш. Хэрвээ ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагатай гэж үзвэл Засгийн газар УИХ-д саналаа оруулна.

Нэг улс төрийн хүчин ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардсаны төлөө УИХ хуралдах нь утгагүй” гэсэн бол зарим нь “Хэлэлцэх асуудлаа тодорхой болгох хэрэгтэй.

“Ийм ийм асуудлыг ингэж хэлэлцвэл үүсээд байгаа нөхцөл байдал нааштайгаар ингэж өөрчлөгдөнө” гэдгээ гаргаж ирэх хэрэгтэй” гэх байр суурийг илэрхийлж байна. Мөн Ардчилсан намын зарим гишүүд ч иймэрхүү байр суурьтай байгаа.

Хаана, хаанаа хүнд байдалтай байгааг ухаарахгүй “Чиний буруу. Тэрний буруу” гэх мэтээр тэрсэлдэж байна, Ерөнхийлөгч өө.

Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс иймэрхүү бодолтой байхад засгаас гадуур байгаа УИХ-ын гишүүд, тэр дундаа Ардчилсан намын гишүүд ямар бодолтой байх нь тодорхой.

Хаана, хаанаа ямар хүнд байдалтай байгааг ухаарахгүй  “Чиний буруу. Тэрний буруу” гэх мэтээр тэрсэлдэж байна, Ерөнхийлөгч өө.

Монгол Улсад үүсээд байгаа эдийн засгийн энэ нөхцөл байдал нь үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахыг ч үгүйсгэхгүй.

Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ардчилсан намынхныг “ташуурдаж” УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж өгөөч Ерөнхийлөгч өө.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас гадна Оюутолгойн асуудал, төсвийн хуульд тодотгол хийх гээд амжуулах ажил маш их байна шүү дээ.