Ц.Баярсайхан: Шинээр 17 тэрбум төгрөгийн зээлийг 403 зээлдэгчдэд олгосон
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас дараах асуултад хариулт авлаа.
-Найман хувийн моргежийн хүүтэй моргежийн зээл хичнээн иргэнийг хамруулаад байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 8712 зээлдэгч дахин санхүүжилт буюу өндөр хүүтэй зээлээсээ найман хувь руу шилжсэн байна. Нийт 250-иад тэрбум төгрөгийн асуудал шийдэгдсэн. Шинээр 17 тэрбум төгрөгийн зээлийг 403 зээлдэгчдэд олгосон.
-Яармагийн спорт цогцолборын хажуу талд 300 эхийн төрөх эмнэлэг мөн архивын төвийн барилгын ажил ямар шатандаа явж байна вэ. Эдгээрийн цэвэр бохир, дулааны асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Хуучин нисэхийн 1000 кубын цэвэрлэх байгууламжийг өргөтгөн 2000 метр куб болгох боломжтой.
-Эхний ээлжинд хуучин нисэхийн цэвэрлэх байгууламжийн 1000 кубын цэвэрлэх байгууламж байгаа. Үүнийг өргөтгөөд 2000 метр куб болгох боломжтой. Барилга хот байгуулалтын сайдын багц дээр байсан гурван тэрбум төгрөгийг шилжүүлж өгч байгаа.
Энэ хөрөнгөөр дээрх барилгууд болоод “Буянт-Ухаа 1” хорооллын бохирын асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Бусад нь одоо хийж байгаа шугам сүлжээний ажлын хүрээнд цэвэр усны хангамж шийдэгдэнэ.
-Тэгэхээр барилгууд баригдчихвал цэвэр бохир дулаанд холбогдоно гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно.