32-ын тойргийн уулзварыг өргөтгөнө
“Авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.
2013.07.09

32-ын тойргийн уулзварыг өргөтгөнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл зуслангийн чиглэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор “Авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/645 тоот захирамж гаргалаа.

Захирамжаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “32-ын тойрог”-оос“ Хайлаастын уулзвар” хүртэлх автозамын дагуу байрладаг худалдаа үйлчилгээний төвүүдийн орц, гарцыг шинээр төлөвлөх, 32-ын тойргийн уулзварыг өргөтгөх, 7 буудлын эцсийн зогсоолын талбайн зохион байгуулалтыг өөрчлөх, Чингэлтэйн автобусны буудлыг урагш шилжүүлэхээр болжээ.

Уулзварын өргөтгөлийн үеэр аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл өгч, орц гарцыг хаах, улсын байцаагч ажиллуулах, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Ингэснээр тус автозамын хэсэг дэх автомашины түгжрэл багасна гэж тооцоолж байгаа юм.