Б.Гарамгайбаатар: 8 хувийн хүүтэй ипотекийн зээл бол иргэдийн халамжийн бодлого биш, харин үндэстний хуримтлалын бодлого юм
УИХ-ын Гишүүн, Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.06.24

Б.Гарамгайбаатар: 8 хувийн хүүтэй ипотекийн зээл бол иргэдийн халамжийн бодлого биш, харин үндэстний хуримтлалын бодлого юм

8 хувийн хүүтэй ипотекийн асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг банкууд олгож эхэллээ. Засгийн газар, Монголбанкнаас энэ хөтөлбөрийг тогтвортой байж чадна гэж мэдэгдээд байгаа л даа. Гэтэл зарим иргэд сонгуулийн шоу ч гэж хэлж байна. Энэ тал дээр таны байр суурь?

-Засгийн газар, Монголбанкнаас хийж байгаа энэ алхам бол зөв бодлого гэж эерэг талаас нь харж байна. Яагаад гэвэл цаг хугацааны хувьд тохироо нь бүрдсэн гэж хэлж болохоор байгаа юм. Инфляци оны эхнээс буурсаар 8 хувь руу ороод ирлээ.

Бага инфляцитай орчинд ийм хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бий боллоо гэсэн үг. 16-17 хувийн өндөр инфляцитай байсан үед бол боломжгүй шүү дээ.

Монголын ипотекийн зах зээл

Түүнчлэн хөтөлбөрийн зорилго талаас нь аваад үзэхэд нийгэмд хөдөлмөр эрхэлж баялаг бүтээдэг хүмүүст чиглэсэн, тэр хүмүүс нь өөрсдийн бүтээсэн баялгийнхаа шимийг орон сууцны хуримтлал хийх замаар эргээд хүртдэг, иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжээ сайжруулахыг хөшүүрэгдсэн схем гэж харагдаж байна. Би хувьдаа энэ хөтөлбөр үр дүнтэй байх болов уу гэж бодож байгаа.

Сонгуулийн шоу биш гэж үү?

-Асуудлыг эдийн засгийн агуулгаар нь харах хэрэгтэй. Сонгуулийн өмнө ч, дараа ч амьдрал үргэлжилнэ. Монголбанкнаас арилжааны банкуудад 990 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг зөвхөн энэ хөтөлбөрийн хүрээнд байршуулсан ба цаашид ч эх үүсвэрийг нэмээд байх боломжтой гэж мэдэгдсэн.

Тэр эх үүсвэрээр банкууд 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгоод эхэлсэн байна лээ. Одоо ард иргэд энэ зээлд яаж хамрагдах вэ, яавал тэр шалгуурт тэнцэж өөрийн гэсэн орон байртай болох вэ, бага хугацаанд их ажил яаж амжуулах вэ, өөрөөр хэлбэл би бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй байх л даа.

-Урьдчилгаа төлбөрийн шаардлага нь 30 хувь байгаа учраас бага орлоготой иргэд хамрагдаж чадахааргүй байна л даа. Урьдчилгаа төлбөр нь бага байж болдоггүй юм болов уу?

-Энэ бол тэр баталсан журмаар тавигдаж байгаа шаардлага нь юм. Тэгэхээр тэр шаардлагад хүрэхийн тулд иргэд маань хөдөлмөрлөж зүтгэж, олсноо хадгалдаг, хуримтлуулдаг л болох хэрэгтэй.

Бид яг одоо тэр шаардлагад чинь хүрэхгүй байгаа болохоор энэ шаардлагаа сулруул гэж болохгүй л дээ. Төрийн бодлого гэдэг одоо байгаа нөхцөл байдалд тааруулж биш, ирээдүйд ямар болох ёстой вэ гэдгийг зорилт болгож байдаг.

Энэ утгаараа 8 хувийн хүүтэй ипотекийн зээл бол иргэдийн халамжийн бодлого биш, харин үндэстний хуримтлалын бодлого юм гэж ойлгох хэрэгтэй.

-Энэ хөтөлбөр Монголын эдийн засагт яг юуг авчирч чадах вэ?

-Ерөөсөө эдийн засагт урт хугацаатай мөнгөний нийлүүлэлт хийж, /төгрөгийг нэмж/ нийт ажил эрхлэлт, хуримтлалыг өсгөнө. Үүний цаана ажил эрхэлдэг хүмүүсийн маань хөдөлмөрийн бүтээмж одоогийнхоос эрс сайжирна.

Тэгэхээр нийгмийн дундаж хэсэг маань бэхжээд ирнэ л дээ. Үүнийг дагаад эдийн засгийн дотоод эрсдэлүүд буурч, дархлаа нь сайжран, гадаад орчны хэр баргийн нөлөөнд тэсвэртэй буюу хямраад байхааргүй л болно. Эцсийн дүнд эдийн засаг тогтвортой өсч хөгжинө.

-Тэгвэл эрсдэлийг нь та яаж харж байна вэ?

Банкууд зээлийн эрсдэлийг сайтар тооцож, сайн зээл гаргах ёстой гэдгээс бүх юм эхэлнэ. Манай дотоодын банкуудад орон сууцны зээл олгож байсан туршлага хангалттай байгаа учраас эрсдэлээ үнэлж, сайн зээлүүд гаргаад байна гэдэгт эргэлзээ алга.

Ер нь бол зээл гаргах, тэр зээлийг үнэт цаас болгох ажил саадгүй яваад байх болов уу. Харин Засгийн газрын тусгай сангууд, тухайлбал нийгмийн даатгалын санг хөрөнгөжүүлж, түүнийг энэ хөтөлбөрт хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашиглах асуудал энд маш чухал. Засгийн газар үүнд онцгой анхаарч ажиллана гэж найдаж байна.

                                                                                Ярилцсанд баярлалаа