2016 он гэхэд Улаанбаатар эрүүл аюулгүй хот болно
Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын хүрээнд хийгдэж байгаа Барилга, хот байгуулалтын шинэчлэлийг танилцуулж байна.
Улс нь хөгжсөн улс орон болж иргэн нь илүү сайхан амьдардаг тийм улс орон болохын тулд иргэдээ хуримтлалтай, өөрийн гэсэн орлоготой, үл хөдлөх хөрөнгөтэй болгох шаардлага хөгжсөн улс орон бүрт тулгарч байсан байдаг.
Иргэдээ хуримтлалтай, эрүүл аюулгүй орчинд амьдруулах гэсэн хоёр бодлогыг нэг бодлогод зангидсан нь Моргежийн зээлийн бодлого. Энэ бодлого хэрэгжсэнээр монгол хүн та ажил хөдөлмөр эрхэлж л байвал үл хөдлөх хөрөнгийг урт хугацаатай, хүү багатайгаар авах боломж нээлттэй гэсэн үг юм.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Засгийн газар бол мэдээж түрүүчийн Засгийн газрынхаа бодлогыг үргэлжлүүлж, алдаатайг нь засч, сайныг нь аваад явдаг. Тэгэхээр бид цаашдаа аль ч Засгийн газрын үед тогтвортой хэрэгжих тогтолцоотой болъё гэдэг чиглэл рүү нилээд анхаарсан. Үүнийхээ үр дүнд ипотекийн зээлийн журмыг баталлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Өнөөдрөөс эхлээд шинэчлэлийн Засгийн газрын зарлаж байгаа орон сууцны зээлэнд хамрагдахын тулд ажиллаж хөдөлмөрлөх л хэрэгтэй. Ажилтай байх орлоготой байх л хэрэгтэй гэж ойлгох шаардлагатай болж байна.
Ингэснээр монголын нийгэмд том өөрчлөлт гарна. Халамж нэхээд сууж байдаг зүйл алга болно. Чанартай, тогтвортой, сайн ажлын байрууд нэмэгдэнэ.
Манай ажил олгогчдын хэлээд байдаг тогтвор суурьшилгүй ажилдаг байдал алга болно. Иргэн та үнэхээр л орон сууцтай болъё гэж зүтгэж байгаа бол хамгийн том сахилга бат нь ажилтай орлоготой л байх явдал.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Ер нь би нэг л зүйл боддог. Өөрөөр хэлбэл, барилгын үйлдвэрлэл маань дотоодынхоо үйлдвэрлэлээс бүх хэрэгцээгээ хангадаг, улирлын хамаарлаас бүрэн гарсан, барилгын салбарт ажиллагсдын цалин хангамж, орчин нөхцөл нь сайжирсан, нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалдаа хамрагдчихдаг, тогтвортой ажлын байртай ийм байвал хүмүүс маань барилгын салбарт ажиллах орчин нөхцөл нь бүрдэх байх.
Иргэдийн хувьд гэвэл орон сууцны асуудал нь тэдний хамгийн чухал асуудал биш болох. Улмаар хүссэн байраа хэдийд ч авчих тэр тогтолцоо нь бэлэн байж байна. Хэрвээ өөрөө шийдээд л арилжааны банкиндаа хандах юм бол орон сууцаа шинэчилж, сольж, шинээр авдаг.
Монгол Улсад иргэдээ илүү сайхан амьдруулахын төлөөх хувьсгалын давалгаа түрж эхэлжээ.
Ийм орчинтой болж засаг төрөөс хамааралгүй явдаг ийм л тогтолцоо бүрдээсэй гэж хүсч байгаа. Мэдээж богино эх үүсвэр дээр ганц нэг банк олгож байх явцад манай иргэд танил тал, хамаатан садандаа өгсөн, банкныхан авчихаж гэдэг.
Одоо тийм яриа гарахгүй болов уу гэж бодож байна. Харин иргэд сонголтоо хийхдээ өөрийнхөө амьдрах байршлыг сонгож, хүсч байгаа байраа авах бололцоогоо ашиглаарай. Бэлэн болсон байран дээр очерлож, үнэ өсгөх механизм битгий болоорой.
Сонголт хийхдээ чанартай, аюудгүй байдалдаа бүрэн нийцсэн байраа сонгоорой. Тэр бололцоог хангах журам, санхүүжилт нь байна. Иргэдийн маань шаардлага хэдий чинээ өндөр байна. Гүйцэтгэгч нар тэр хэмжээний хариуцлагатай болно.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Өнөөдөр жилийн 14-16 хувийн хүүтэй байрны зээл авсан олон мянган иргэн бий. Эд нар маань яах юм бэ гэдэг асуудал байна.
Одоогийн энэ өндөр хүүтэй зээл авсан бүх хүмүүс нэг дэх өдрөөс эхлээд эрх нь нээгдвэл яасан юм бэ гэсэн шийдвэр гарсан. Монголчууд зориглоод зүрхлээд нэг юм хамтраад хийе. Иргэд хожиг. Эдийн засгийн зарим асуудлыг нь бид шийдье гэсэн байр суурьтай байгаа.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Бидний төлөвлөж байгаагаар 2016 оноос эхлээд хотын түгжрэл, утааны асуудал, орон сууцны хангамжийн асуудалд шинэ ахиц дэвшил гарна. Тэгэхээр энэ маань нэг Засгийн газрын үед ч хийгдэхгүй.
Мэдээж үүнд Засгийн газрын оролцоо чухал. Тэр дундаа иргэдийн оролцоо хамгийн чухал. Тиймд хүн бүр л хотынхоо сайн сайхны төлөө, Монгол Улсын сайн сайхны төлөө хамтран ажиллавал хэцүү, хүнд бүхнийг даван туулж, сайн сайхан хөгжил хүрнэ гэдэгт итгэлтэй байна.