2024.08.23

С.Бямбацогт: Эрчим хүчний салбарт өрсөлдөөнийг дэмжиж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай!

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Эрчим хүчний үнэ чөлөөлнө хэмээн зарлаж байна. Үүнтэй холбоотойгоор эрчим хүч бол бүхий л бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг. Бид Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр дээрээ үүнийг тодорхой тусгаж өгөхгүй бол болгоомжлол бий болж байна. Эрчим хүчний нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх үү, эрчим хүч үйлдвэрлэж, борлуулъя гэж буй иргэн, ААН, хөрөнгө оруулъя гэсэн хүмүүсийг хэрхэн дэмжих вэ? Үүн дээр анхаарвал зохино. Үүн рүү чиглэсэн бодлогоо тусгаад, үүнийгээ түрүүлж яриад явбал зүгээр байна.

Миний хувьп Зам тээврийн сайд хийж байхдаа, агаарын тээврийн либералчлал, үнэ чөлөөлөх асуудлыг хөндсөн. УБ-Сөүл хооронд ганц ганц онгоц нисдэг байсан бол чөлөөтэй нисдэг болсон. Үүний үр дүнд тийзийн үнэ нь хямдарсан. 

Үе үеийн засгийн газруудаас барилгын материалын салбарт, Монгол Улс ганцхан цементийн үйлдвэртэйн дээр цементийн үнэ өндөр байсан. Харин өнөөдөр Монгол Улс таван цементийн үйлдвэртэй болсон байна. Цементийн үнэ ч буурсан. Иймэрхүү байдлаар өрсөлдөөнийг дэмжээд, нийлүүлэлтийг нэмэгдүүлээд явах нь үнэ өсдөггүй, буурдаг. Тиймээс эрчим хүчний салбарт хэрхэн өрсөлдөөнийг дэмжиж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх вэ гэдэг дээр анхаарах онцгой шаардлагатай байна. 

Түүний асуултад, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан