
С.Одонтуяа: 2026 оны эхний хагаст багтаан Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлтийг гаргана
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрээр "Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталллаа. Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал 1964 онд анх яригдаж эхэлснээс хойш үе үеийн Засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч ОХУ-ын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй өдий хүрсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш олон жил гацсан энэ төслийн ажлыг хөдөлгөх талаар бид дараалсан ажлыг хийж ирсэн.
ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын УЦС-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, энэхүү төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийх гэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд нар Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж, мөн санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирч гарын үсэг зурсан.
Монголын талаас эгийн голын УЦС төслийн Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох судалгааны ажлын даалгаврыг батлан гаргасан. Ажлын хэсэг баталсан ажлын төлөвлөгөөний дагуу 2026 оны нэгдүгээр хагаст багтаан Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлт гаргах зорилттой ажиллаж байна.
Мен ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн" гэв.