2024.08.16

Ж.Алдаржавхлан: Иргэдийн цалин хөлс амьдралд нь хангалттай, амьдрах орчин нь аюулгүй тааламжтай, эрүүл саруул байх нь нэн чухал байна.

УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:  

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжиж байгаа. Гэхдээ дараах зүйлсийг анхаарах ёстой. 

Монголчууд хэзээ аз жаргалтай байх вэ гэвэл нэгдүгээрт, цалин хөлс  нь амьдралд нь хүрэлцэхүйц хангалттай байх ёстой. Хоёрдугаарт, амьдрах орчин аюулгүй тааламжтай байх ёстой. Гуравдугаарт, эрүүл саруул байх ёстой. 

Тиймээс иргэдийн цалин хөлсний асуудалд онцгой анхаарах ёстой хэмээн үзэж байна.  Сая, хот нийтийн аж ахуйн ажилтнуудын цалин нэмэгдээд 3,5 сая төгрөгт хүрсэн. Ядаж нийт төрийн албан хаагчдынхаа цалинг энэ зэрэгт хүргэмээр байна. 

Үүний дараа засаг захиргааны шинэчлэлийг зайлшгүй хиймээр байна. УБ хотыг 14 хот болгохоор төлөвлөсөн байгаа. Миний хувьд “20 мин хот” төлөвлөлтийг анхлан хоёр жилийн өмнө санаачилж байсан юм. Улмаар энэ хөтөлбөрт орсонд баяртай байгаа. 

Монгол бичгийн асуудлыг хөтөлбөртөө оруулахгүй бол 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс хоёр бичигтэй болох ёстой гэсэн шүү дээ. Төрийн бүхий л байгууллагууд албан бичгээ монгол бичгээр хөтлөх ёстой. УИХ-ын гишүүд ч мөн адил. Тэгэхээр монгол бичгийн асуудлыг хөтөлбөртөө тодорхой оруулж өгмөөр байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан