2024.08.16

Э.Болормаа: Үйл ажиллагааны хөтөлбөрийг цаасан дээр царцсан зүйл болгохгүйн тулд төрийн албаны шинэчлэлийг зоригтой хийх ёстой!

УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Э.Болормаа:  

2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг бэлдсэн та бүхэндээ талархаж байна. Тус хөтөлбөрийг хувьдаа  дэмжиж байна. Үйл ажиллагааны хөтөлбөрт юу орсон гэхээс илүүтэй, хэрхэн хэрэгжүүлэхтэй холбоотойгоор санал хэлмээр байна. 

Санхүү талдаа бол 2024 онд эхний хагас жилдээ Монгол Улсын эдийн засаг 5,6 хувийн өсөлттэй гарсан. энэ  өвлийн зуднаар 8 сая гаруй мал үрэгдээгүй байсан бол 9 гаруй хувьтай байх байсан.  Энэ бол өндөр үзүүлэлт. Тэгэхээр үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсвийн шинэчлэлийг Сангийн яам 2025 оны төсөв дээр оруулж ирэхийг хүсэж байна. 

Бидний хэлэлцэж байгаа үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д гишүүд хэрэгжүүлэхгүй, дан ганц 23 сайд хэрэгжүүлэхгүй. 280 гаруй мянган төрийн албан хаагчид хэрэгжүүлэх юм. Тэгэхээр төрийн албаны шинэчлэлгүйгээр үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжихгүй хэмээн ойлгож байна. Өнөөдөр Монгол төрийн алба иргэн төвтэй бус дарга төвтэй болсон байна. Бүтээмж ур чадварыг эрхэмлэхээс илүү, цаг наргүй тайлан үйлдвэрлэхийг шаардаж байна. Тиймээс үйл ажиллагааны хөтөлбөрийг цаасан дээр царцсан зүйл байлгахгүйн тулд төрийн албаны шинэчлэлийг зоригтой хийхэд анхаарах ёстой!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан