ТАНИЛЦ: Байгаль орчны салбарын хэмжээнд 168 цагт юу хийв...
2023.09.19

ТАНИЛЦ: Байгаль орчны салбарын хэмжээнд 168 цагт юу хийв...

ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2023 оныг Ус, Цаг уурчдын жил болгон зарласан тул албан хаагчдын ажиллах орчин, цалин, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, гадаадад туршлага судлуулах ажлуудыг хийж байна. 27 жилийн дараа буюу 2023 оны 08 сард БОАЖ-ын сайд, ХНХ-ын сайд, Сангийн сайдын хамтарсан журмыг баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. 2024 оны 01 сараас орон нутгийн нэмэгдэл олгогдож эхэлнэ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН УЦУОШТ-ИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ ХОЛБОГДОХ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Дундговь аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд харьяа газруудынхаа ажил байдалтай танилцан, албан хаагчидтай уулзалт хийлээ. 2023 оныг Ус, цаг уурчдын жил болгон ажиллаж байгаа. Гадаад дотоодод туршлага солилцох, суралцах, цалин хангамж, нэмэгдэл, байр байшинг засварлах, станцуудыг шинэчлэх ажлуудыг хийж эхлээд байна.

ИХ ГАЗРЫН ЧУЛУУ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНД АЖИЛЛАЛАА
Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын хувьд тулгамдсан асуудал байхгүй бөгөөд албан хаагчдын цалин үе шаттай нэмэгдсээр байгаа, ажиллах нөхцөлөөр бүрэн хангасанд талархал илэрхийллээ. Тусгай хамгаалалттай газар нутгууд нь олон улсын төслийн хүрээнд олон асуудлуудыг шийдвэрлүүлж байгаа бөгөөд цаашдаа сургалт, олон улсын туршлага солилцох ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байна.

МАЗААЛАЙ БААВГАЙГ ХАМГААЛАХ, ТОО ТОЛГОЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ТӨРИЙН БОДЛОГООР ДЭМЖИЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол орны нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан эхэллээ.

‘’УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД НИЙЦСЭН ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ’’ СУРГАЛТ БОЛЛОО
Азийн хөгжлийн банкны “Ази номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бодлогод уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдвэрийг нэмэгдүүлэх” бүсийн төслөөс нийгэм, эдийн засаг байгаль орчны шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад зориулан хоёр өдрийн сургалтыг зохион байгуулав.

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН 100 ГАРУЙ АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласан. Ус, цаг уур орчны шинжилгээний салбарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, салбарын ач холбогдлыг таниулах, ахуйн амьдралд өргөнөөр ашиглах, үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа.

БНСУ-ЫН ВАННАБИ ГРУППТЭЙ ХАМТРАН “10 САЯ ИРГЭНТЭЙ МЕТАВЕРС УЛААНБААТАР ХОТ” БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, метаверс хотыг бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Ваннаби группийн Ерөнхийлөгч Жон Ёнчол болон бусад төлөөлөлтэй уулзлаа. Метаверс ертөнцөөр дамжуулан хоёр орны соёл, уламжлал, аялал жуулчлалын харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилго тавин ажиллана.

ОЙ, УС, БАЙГАЛЬ ОРЧНЫ ДОРОЙТЛЫН АСУУДЛААР САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ой модны доройтол, усны хомсдолын асуудалд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд анхаарал хандуулж мэдээлэл өгч, салбарын мэргэжилтнүүд нөхцөл байдалтай танилцан ажиллаж байгаа ч тодорхой шийдэлгүй, хариуцлага, хяналтгүй байгааг салбарын сайд онцлоод үүргээ хангалттай биелүүлээгүй албан хаагчдад арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Дарханы Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн албан хаагчидтайгаа уулзаж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оныг Ус, Цаг уурчдын жил болгон зарласан ба "Хөгжлийн хөтөлбөр"-тэй болох санаачилгыг гаргасан. Удахгүй болох нэгдсэн зөвлөгөөнөөр тус хөгжлийн хөтөлбөрийг батална.

БУЙР НУУРЫН ЭЛСНИЙ НҮҮДЭЛ, ЦӨЛЖИЛТИЙН МОНИТОРИНГИЙН АЖЛЫГ ХИЙЛЭЭ
Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас ажлын хэсэг байгуулагдаж 2023 оны 09 сарын 13-14-ний өдрүүдэд Буйр нуурт ажиллаж Буйр нуурын элсний нүүдлийн мониторинг судалгааны ажлыг хийж гүйцэтгэв. Судалгааны ажлыг жил бүр тогтмол нэг цэгт хийж харьцуулалт тандалт хийнэ.

АСРАЛТ ХАЙРХАНЫ ОРЧИМ ДАХЬ УРГАМАЛ, АМЬТАД БОЛОН ХУШ МОДНЫ САМРЫН УРГАЦ ТОГТООХ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Хан Хэнтийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хязгаарлалтын бүсэд байрлалтай Асралт хайрхан болон түүний орчимд ШУА-н ботаникийн хүрээлэн болон төрийн бус байгууллага олон улсын төсөл хөтөлбөрийн судлаачидтай хамтран ажиллалаа.
Асралт хайрханы орчим дахь ургамал, мөөг, хөвд, хаг, жижиг нууруудын шавж болон шувуу, уулын туурайтан болон махчин амьтад, хуш модны самрын ургац тогтоох зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэлээ.

ЯЛБАГИЙН ХӨНДИЙГ НӨХӨН СЭРГЭЭСНЭЭР ЯЛБАГИЙН ГОЛ УРСАЖ ЕРӨӨ ГОЛДОО ЦУТГАЖ БАЙНА
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Дархан-Уул аймагт албан томилолтоор ажиллаж, Хараа-Ерөө голын сав газрын захиргааны албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр сав газрын захиргааны албан хаагчдын нийгмийн байдлыг сайжруулж, ажиллах нөхцөл бололцоо, техник хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөн хэлэлцэв.

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Ус, Цаг уур орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ. Эрхзүйн орчныг тодорхой болгох, тодорхой хэсгүүдэд менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжил дээшлүүлэх, олон улсын түвшинд туршлага судлах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор шинэ тоног төхөөрөмжтэй болох гэх мэт олон асуудлыг хөндлөө.

МАЗААЛАЙ БААВГАЙН ТОО ТОЛГОЙ ТОГТВОРТОЙ ӨСӨЖ БАЙНА
Монгол орны нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн мазаалай баавгай нь Алтайн өвөр говийн Цагаан богд, Баруун Тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархац нутгийнхаа тэн хагасаас бага нутаг Сэгс Цагаан Богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас Ингэс хавиар байршин нутаглаж байна. Тархац нутаг нь 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж багассан. Мазаалай баавгайг 1967 оноос хойш судалж эхлэх үед тоо толгой 20-35 орчим байсан.

“CLEAN UP-3” БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД 7000 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО
Байгаль орчиндоо “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх, усны нөөцийг хамгаалахад иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг CLEAN UP бүх нийтийн цэвэрлэгээг энэ жил “World Clean Up Day” буюу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр зохион байгуулж байгаа юм.

ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЛОО
Жил бүрийн 9 сарын 16-ны өдрийг дэлхий даяар “ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэдэг. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, НҮБ-аас тухайн өдрийг “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тунхаглажээ. Өнөөдөр тус протокол, түүний эх конвенц болох Озоны давхаргыг хамгаалах Венийн Конвенц нь 198 орон буюу Дэлхийн бүх улс орон нэгдэн орсон анхны гэрээ юм.

20 ХҮРЭХГҮЙ МИНУТАД 10 ОРЧИМ ШУУДАЙ ХОГ ЦУГЛУУЛАВ
“Туул голоо цэвэрлэе” уриатай нийтийн цэвэрлэгээ “CLEAN UP-3”-т 10 гаруй их дээд сургуулийн оюутан залуус гол хүч болон оролцож байгаагаас гадна томоохон аж ахуй нэгж, хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн. Цэвэрлэгээг 12 байршилд оролцогчдыг бүлэг болгон хувааж зохион байгуулж байгаа бөгөөд нэг бүлэг 20 хүрэхгүй минутад 10 орчим шуудай хог цуглуулж байгаа нь хог хаягдал ихээр хуримтлагдсаныг харуулж байна.