Цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өглөө
2023.09.04

Цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өглөө

АМЬТНЫ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
Идлэг шонхор шувууны тухай:- Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд идлэг шонхор шувуу тархах бөгөөд үүнээс 12% нь энэ зүйл шувууны голомт нутаг юм. Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар манай улс 10380 толгой идлэг шонхор шувууны нөөцтэй болохыг тогтоосон байдаг. Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцоос жил бүр 350 хүртэл тоо толгой идлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг. БНАТ-ийн тухай хуулийн дагуу Идлэг шонхор шувууг бариулсны төлбөр, хураамжид орон нутгийн төсөвт жилд 14 тэрбум гаруй төгрөгийн орлого орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг болно.

БОАЖ-ЫН САЙДЫН 02, 03, 04 ДУГААРТАЙ “ЭРҮҮЛ-ЦЭВЭР ОРЧИН” БҮРДҮҮЛЭХ АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ
Нийтийн ариун цэврийн байгууламжийн тухайд: Тус албан даалгаврын хүрээнд 21 аймгийн аялал жуулчлалын бүсэд стандартын шаардлага хангахгүй 2523 нүхэн жорлон байгаагаас 2022-2023 онд 1613 жорлонг буулгаж, “Нүхэн жорлон, угаадасны нүх” MNS5924:2015 стандартын дагуу нийт 520 эко жорлон болон хуурай технологийн ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд тодорхой ахиц дэвшил, үр дүн гарч байна.
Хог хаягдлыг бууруулах хүрээнд: Албан даалгаврын хүрээнд улсын хэмжээнд өссөн дүнгээр 46.504 га талбайд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 67930 хүн, 157397 тонн хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт шилжүүлсэн байна.

САЛБАРЫН ХЯНАЛТЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ
2023 оны 8 дугаар сард 160 өргөдөл, гомдол, хүлээн авч 126 буюу (78.8%) өргөдөл, гомдлыг хуулийн хүрээнд хугацаанд нь шийдвэрлэж, 9 (5.63%) өргөдөл, гомдлыг холбогдох журмын дагуу харьяалах захиргааны байгууллагад шилжүүлж, 23 буюу (14.0%) өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн шатандаа хяналтад байна. Үүнээс 80 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 23 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 89 иргэн, аж ахуйн нэгжид 118.450.00 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.

БАЙГАЛИЙН НӨӨЦ /АМЬТАН, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ/ АШИГЛАЛТЫН ТАЛААР ХИЙГДЭЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧИЛ, АВСАН АРГА ХЭМЖЭЭ, АНХААРУУЛЖ СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ
Салбарын хяналтын газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Ойн нөөцийн болон ойн дагалт баялаг ашиглах чиглэлийн ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, түвшин тогтоох үзлэг хийх тухай” удирдамж, батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт ойн дагалт баялаг, хуш модны самар түүж бэлтгэх, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд түвшин тогтоох үзлэгийг 2023 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Түвшин тогтоох үзлэгт 49 аж ахуйн нэгж хамрагдахаас 25 аж ахуйн нэгж хамрагдаж, 24 аж ахуйн нэгж /хаяг байршил тодорхой бус, үйл ажиллагаа явуулдаггүй, түвшин тогтоох үзлэгийн мэдээлэл, мэдэгдэл хүргүүлсэн ч үзлэгт хамрагдаагүй гэх мэт/ хамрагдаагүй.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр заалтыг үндэслэн газраа 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн, ойн болон усан сан бүхий газар, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон, тэмдэгтийн хураамж төлөөгүй, мөн иргэн, хуулийн этгээдийн өөрийн хүсэлтээр тус тус газар ашиглах эрхийг цуцалсан.

"МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ЖУУЛЧДЫН УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА
Энэ оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 431,130 жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 650 сая орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байна.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд энэ оны 2, 4, 6 дугаар саруудад шууд нислэгтэй Япон, Солонгос, Хятад улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд 69 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний 3 улиралд болох арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдаж дуусаж байна. Энэ зун зохион байгуулагдсан ач холбогдлоороо чухалд тооцогдох томоохон арга хэмжээнүүд бол Монголын Эдийн засгийн форум, Nas Summit арга хэмжээг онцлов.

УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
"Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт, хэрэглэх журам" болон "Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт, хэрэглэх журам"-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам Монгол Улсын Сангийн Сайд нар 27-н жилийн дараа шинэчлэн баталлаа. Үүний үр дүнд Ус, цаг уурын салбарын 1864 албан хаагчдын цалин дунджаар 1.2-1.6 саяас 1.4-1.9 сая болж нийгмийн баталгаа улам бүр хангагдах томоохон алхам болж байна.