Бэлчээрийн газрын ашиглалттай холбоотойгоор Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Улсын Их Хурлын нэр бүхий 21 гишүүн өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар өнөөдөр (2023.06.20) Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын нийт газар нутгийн 70.1 хувийг бэлчээрийг газар эзэлж, энэхүү газар нутаг дээр манай улсын эдийн засаг, нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэдэг мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл явагддаг. Сүүлийн 30 жилийн хугацаанд бэлчээрийг газрын харилцаанд баримтлах бодлого, зарчим хэт ерөнхий байгаагаас шалтгаалан бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтыг төлөвлөх, хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдаж байна. Холбогдох хууль тогтоомжид бэлчээрийн газрыг “нийтээр, дундаа ашиглах”-аар хуульчилсан нь урт хугацаандаа бэлчээр доройтуулах, талхлах, даац хэтрүүлэх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна. Нийт бэлчээрийн газар нутгийн 65 хувь доройтож, 13 хувь нь цөлжилтөд өртөөд байгааг 2021 оны Газрын нэгдмэл сангийн тайланд дурджээ.
Манай улсын бэлчээрийн хэвийн даац хонин толгойд шилжүүлснээр 86 сая мал байхад тохиромжтой гэж үздэг. Бэлчээрийн доройтлын түвшин аймаг, сум, баг бүрд харилцан адилгүй. Байгаль экологид учирч болзошгүй эрсдэлийн талаар олон улсын мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаануудад байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа, төрийн оновчгүй бодлогоос улбаалсан бэлчээрийн газрын хөрсний үржил шимийн бууралт 2050 он гэхэд 3-4 дахинаар эрчимжих хандлагатай байна. Энэ нь цаашид Монгол Улсаас малын гаралтай органик бүтээгдэхүүн экспортлох боломжийг хязгаарлаж, улмаар монголчуудын түүх, соёлын өвийн салшгүй хэсэг болсон нүүдлийн соёл иргэншил, уламжлалт өв соёл, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ үлдээх боломжийг улам бүр багасгаж байгааг төсөл санаачлагчид хэллээ.
Иймд бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой асуудлуудыг шийдэх, нарийвчилсан зохицуулалтуудыг хуульд оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, хуулийн төсөлд нэмж хэрэглэгдэх хуулийн нэр томьёог тодорхойлж, бэлчээрийн зохицуулалт, ангилал, хил зааг, хэмжээ, байршлыг тогтоох, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, эдгээр үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Мөн бэлчээрийг ашиглахдаа нийтээр болон гэрээгээр ашиглуулах бэлчээрийн зохицуулалтын заагийг тогтоож, нийтээр ашиглуулах бэлчээрт байгалийн тогтцоор бий болсон гол, горхи, нуур, цөөрөм, уст цэг, хужир мараа бүхий бэлчээр болон дамжин өнгөрөх бэлчээрийг хамруулах, гэрээгээр ашиглуулах бэлчээрийг улирлын бэлчээр, отрын нөөц бэлчээр, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээрийг зориулалтын онцлог, ангиллаар зааглаж, бэлчээр ашиглах эрх бүхий этгээдийг тодорхойлохоор төсөл тусгажээ. Түүнчлэн гэрээгээр ашиглуулах бэлчээрийг зориулалт, ангиллын дагуу бэлчээр ашиглагчийн хүсэлт, холбогдох эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан ашиглуулах, бэлчээр ашиглалтын гэрээний биелэлтэд үндэслэн гэрээг сунгах, цуцлах, дуусгавар болгох зэрэг харилцааг зохицуулах заалтыг оруулсан байна.
Хуулийн төсөлд гэрээт бэлчээрийг зохистой ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах асуудлыг бэлчээр ашиглагч хариуцахаар, харин нийтээр ашиглуулах ангилалд хамаарах бэлчээрийн ашиглалт, сайжруулалт, хамгаалалтыг төр хариуцахаар тус тус зохицуулсан байна. Аймаг, сум, баг бүр нийт бэлчээрийнхээ 10-аас доошгүй хувийг отрын нөөц бэлчээрт авч байх, аймаг дундын бэлчээрийг хариуцан зохион байгуулах чиг үүргийг одоогийн бүтцийн чиг үүрэг хариуцуулахаар төсөлд оруулжээ.
Төсөл батлагдсанаар Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлогт тохируулах бэлчээрийг ашиглах, бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдэх юм. Мөн малчин өрх бүрийн улирлын болон отрын бэлчээртэй байх, бэлчээрээ хамгаалах, ашиглах эрх хөндөгдсөн тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлдэг болох, бэлчээрийн ангиллаас бусад ангилалд шилжихэд малчид, нутгийн захиргаа, мал аж ахуйн салбарын эрх ашгийг зохистой харгалздаг нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч гишүүд үзжээ.