2022.11.17

Ц.Даваасүрэн: Газраа алдвал эх орны тусгаар тогтнол ганхаж эхэлнэ шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Үржил шимтэй газрыг мөнгөтэй баян газрын улсууд авдаг. Харин манайд одоохондоо ийм зүйл байхгүй. Гэтэл 2019 онд үндсэн хуулийн өөрчлөлтөөр Их хурлын дарга нэлээн оролцсон. Төр нийтийн өмч гэж сонин заалт Үндсэн хуульд орсон. Иргэний хуулийн 4 зүйл дээр төр нийтийн өмчийг Монгол улсын иргэний харьяалалгүй гадаадын иргэн эзэмшиж, ашиглаж болно гээд оруулчихсан.

Одоо энэ хуульд ялангуяа үржил шимтэй газрыг тариалангийн чиглэлээр ашиглахаар гадаад нөхцөл заагаад өгчихсөн эзэмшүүлээд ашиглана гэж байгаа. Энэ хуулиараа гадны хүнд нээлттэй. Яваандаа үржил шимтэй газар нутгуудаа гадныханд алдаж болох нөхцөл гарчихаад байгаа юм. Тиймээс би Их хурлын даргад хандаж чиглэл өг гэсэн. Газрын хуулийг хэлэлцэхэд иргэний хуулийн гадаадын иргэн төрийн, нийтийн эзэмшлийн газрыг эзэмшиж, ашиглаж болно гэсэн уг заалтыг байхгүй болгох ёстой. Ингэж энэ хуулийг хэлэлцэх хэрэгтэй. Газраа алдвал эх орны тусгаар тогтнол ганхаж эхэлнэ шүү.

Хоёрдугаарт бэлчээрийн асуудлыг ярьж байна. Хуулийн заалтаар 95.2.3-т өвөлжөө, хаваржааны бэлчээр лүү мал оруулахгүй байна шүү гэсэн. Гэтэл хариуцлагыг нь орхигдуулсан. Зөрчлийн хуулиар зөвхөн хадлангийн газар луу мал оруулбал гэж заасан. Өвөлжөө хаваржаа руу мал оруулбал зөрчлийн хуулиар торгох заалтыг хэлэлцүүлгийн явцад бий болгох ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.