Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Газрын тухай хууль нь 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нийт 7 бүлэг, 64 зүйлтэйгээр батлагдсанаас хойш бусад хуульд өөрчлөлт орсны улмаас Газрын тухай хуульд нийтдээ 32 удаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж байгаа газартай холбоотой олон талт харилцааг 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх замаар шийдвэрлэвэл зохих олон асуудал үүссэн аж.
Тиймээс хуулийн төслийн зорилтоос эхлээд өнөөдөр энэхүү салбарт хэрэгцээ нь үүсэж, шаардагдаж байгаа зохицуулалтуудыг хуулийн төсөлд шинэчлэн болон шинээр тусгасан байна.
Хуулийн төсөлд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад төрийн захиргааны төв байгууллага, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон бусад төрийн захиргааны байгууллагын эрх, үүргийн асуудлыг нарийн зааглан ялгаж, нарийвчлан тодорхойлжээ.