2022.01.18

Л.Энх-Амгалан: Газар өмчлөгч, сууц өмчлөгч хоорондын маргаан үүсгэх заалтыг хуульд тусгаж болохгүй

УИХ-ын чуулганы /2022.01.18/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хуулийн санаа нь зөв хэр нь эргээд нийгэмд ямар нөхцөл байдал бий болох вэ гэдгийг Б.Энхбаяр гишүүнээ нэлээн судалж үзмээр байна. Сууц өмчлөгчид нь ямар нэгэн байдлаар газрын эзэмшилтийн эрхийг нээх ёстой гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ газар өмчлөгч, сууц өмчлөгч хооронд эцэс төгсгөлгүй маргаан үүсэх нөхцлийг энэ хуулиар өдөөх вий гэсэн болгоомжлол байна. Иргэд аж ахуйн нэгжүүдийг газрын маргаанаас үүдэх асуудлыг төр засаг өдөөж болохгүй.

Газартай холбоотой асуудал учраас нийгмийн зөвшилцөл, хэлэлцүүлгээр шийдэх хэрэгтэй. "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох" гэдэг шиг асуудал гарах вий. Газрын асуудал бол маш эмзэг. Өнөөдөр өвөлжөө, хаваржаан дээрээ амины орон сууц барих гэж байгаа малчдад хүртэл эл асуудал хамааралтай.