Ц.Баярсайхан гишүүн хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Засгийн газраас Газрын тухай багц хуулийн төслийг боловсруулсныг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан УИХ-ын даргад өргөн барилаа.
Хуулийн үндэслэл, шаардлага
УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломжийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн газрыг гэрчилгээжүүлэх” гэсэн бодлогын зорилтын хүрээнд “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Газрын кадастрын тухай”, “Геодези, зураг зүйн тухай” зэрэг хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулга болон “Газар албадан чөлөөлөх тухай” хуулийн төслийг шинээр боловсруулжээ.
Хэнтий аймгийн газрын төлөвлөгөөний зураг-2011 он/Зураг дээр дарж томоор харна уу/
Одоогийн мөрдөгдөж буй Газрын тухай хуулинд гэр бүлийн хамтын хэрэгцээний болон төсөвт байгууллагад зайлшгүй эзэмшүүлэхээс бусад зориулалтаар олгох газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр хуульчилсан боловч ямар тохиолдолд дуудлага худалдаа, эсвэл төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлэхийг нарийвчлан зааж өгөөгүйгээс хуулийн хэрэгжилт тааруу байна гэж Засгийн газар үзэж байгаа аж. Иймд гэр бүлийн хамтын хэрэгцээний, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага, концессын гэрээгээр эзэмшүүлэх газрыг эрх бүхий Засаг дарга шууд олгодог, аж ахуйн үйл ажиллагааны зориулалтын газрыг дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалтаар олгодог байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Мөн төрийн өмчийн газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Монгол улсын иргэд хүсвэл газар өмчлөх эрхээ дуудлага худалдаагаар худалдах, төрийн өмчийн газрын хувьцааг арилжих зэрэг үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн оролцоотой газрын биржээр дамжуулан явуулах, газрын биржийн дүрэм, журмыг Засгийн газар баталдаг байх зохицуулалтыг шинээр оруулсан байна.
Харин газрын төлбөрийн тухайд одоогоор хот, тосгон бусад суурины газрын төлбөрийг тухайн газрын 0,1-1 хувиар тооцож авч байгаа. Нэг метр квадрат газрын жилийн төлбөрийн хэмжээг Улаанбаатар хотод 44-440 төгрөг, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг томоохон хотуудад 12-90 төгрөг, бусад аймгийн төвүүдэд 4-10 төгрөг, сумдын төвд 80 мөнгөөр тогтоосон нь 1997-2006 он хүртэлх инфляцийн түвшний өөрчлөлттэй харьцуулахад хэт багаар тогтоогдсны зэрэгцээ газрын харилцааг удирдан зохион байгуулах эдийн засгийн хөшүүрэг болж чадахгүй болсон байна. Тиймээс хуулийн төсөлд хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийг тухайн эдлэн газрын үнэ цэнийн 70 хувьд ногдуулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан дээрх хязгаарт багтаан төлбөрийн хэмжээг өсгөж, бууруулж болох зохицуулалтыг оруулсан аж.
Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлттэй уялдан үндэсний, бүс нутгийн хэмжээний, томоохон дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү үйл явцтай холбогдон улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээ, нийгмийн зайлшгүй хэрэгцээ, ашиг сонирхолд нийцүүлэн хувийн өмчийн хийгээд эзэмшил ашиглалтанд байгаа газрыг албадан чөлөөлөх шаардлага зүй ёсоор гарч байгаа тул шинээр Газрыг албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна
ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломжийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн газрыг гэрчилгээжүүлэх” гэсэн бодлогын зорилтын хүрээнд “Газрын харилцааны шинэтгэлийг хийх", Монгол Улсын Их Хурлын “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох тухай” 2009 оны 38 дугаар тогтоолын 71-д “Газрын үнэлгээний тухай хууль”-ийг шинээр боловсруулахдаа бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор буцаан авахад тухайн газрын үнэлгээнд үндэслэн нөхөх олговор олгохыг зохицуулахаар, мөн Монгол Улсын Их Хурлын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай 2010 оны 36 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1-д шинээр батлах хуулийн төслийн жагсаалтад “Газрыг улсын мэдэлд эгүүлэн татах тухай” тус тус заасны дагуу хуулийн төслүүдийг боловсруулсан.
“Газрын үнэлгээний тухай хууль” болон “Газрын улсын мэдэлд эргүүлэн татах тухай” хуулиудаар зохицуулагдвал зохих газрын нөхөн олговорын үнэлгээ болон нийтийн эрх ашгийн үүднээс “газрыг төрийн мэдэлд эргүүлэн авах” зэрэг асуудлыг харьцангуй иж бүрэн байдлаар “Газар албадан чөлөөлөх тухай “ хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзлээ.
Газрын тухай хууль, Газар албадан чөлөөлөх хуулиудын төслийг “Өдрийн сонин”-д нийтэлж, багц 5 хуулийн төслийг байгууллагын вэб сайтад байршуулж иргэдийн санал авсан.
“Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”,”Газрын кадастрын тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, “Геодези, зураг зүйн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Газрыг албадан чөлөөлөх тухай” хуулийн төслийг шинээр боловсруулан дээрх хуулиудад дараах зарчмын шинжтэй өөрчлөлт орсон болно:
Нэг.Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл:
- Газрын тухай хуулинд нийслэл, дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох бүрэн эрхийг нарийвчлан зааглаж тодорхойлоогүйгээс газар давхардуулж олгох зөрчил гарч, газрын маргаан гарах үндэслэл болж байна. Иймд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох талаархи зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгосон. Жишээлбэл, сум, дүүргийн Засаг дарга зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх, уг эрхийг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргадаг байх бусад тохиолдолд нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгодог байх зохицуулалтыг нарийвчлан хуулийн төсөлд тусгасан.
- Хот, тосгон, бусад суурины газрын нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалтын талаар одоогийн мөрдөгдөж буй хуулинд тусгайлсан зохицуулалт байхгүйгээс нийтийн эдэлбэрийн газрыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмших, ашиглах зөрчил даамжирч түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах нөхцөл бүрдээгүйн улмаас эзэнгүйдэх асуудал гарч байгаа тул Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу “нийтийн эдэлбэрийн газар” гэсэн ойлголтыг хуулийн нэр томъёоны тодорхойлолтод оруулж холбогдох зохицуулалтыг тусгасан болно.
- Газрын нэгдмэл сангийн тайлан, ангилал шилжүүлэх асуудлыг одоогийн хуулинд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тусгагдсан байдаг. Үүнийг өөрчилж, төрөөс газрын талаар баримтлах нэгдсэн бодлогыг Улсын Их Хурал тодорхойлдог учраас улсын хэмжээнд газрын харилцааны салбарт хийгдсэн ажлыг нэгтгэн, газрын нэгдмэл сангийн тайланг аудит хийсэн дүгнэлт, улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг болон газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал шилжүүлэх асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн жил бүр Засгийн газар, Улсын Их Хурлаар 2 жилд 1 удаа хэлэлцүүлж байхаар хуулийн төсөлд тусгасан нь газрын талаархи төрийн бодлого, хууль эрх зүйн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтуудыг тодорхойлох, үүнд шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэхэд ач холбогдолтой болох юм.
- Одоогийн хуулийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг сумын Засаг даргаас эхлээд бүх шатны Засаг дарга хэрэгжүүлж байгаа боловч Засгийн газрын түвшинд газрын асуудлыг шийдвэрлэх зохицуулалт байхгүйгээс шалтгаалан улсын чанартай болон гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төсөл арга хэмжээ, аж үйлдвэрийн бүс байгуулах шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл гарч байна. Иймд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын нөөц газартай байх, түүнийг Засгийн газрын шийдвэрээр эзэмшүүлж, ашиглуулж байхаар төсөлд тусгав. Засгийн газрын зөвшөөрлөөр газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болох зохицуулалтыг тусгасан болно.
- Тухайн шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг дээд шатны Засаг дарга цуцлах талаар хуулинд заалт байх боловч энэ зохицуулалт тодорхой бус байдгаас хэрэгжилт хангалтгүй, аймаг, нийслэл, сумын Засаг даргын болон Чөлөөт бүсийн захирагчийн газрын харилцааны талаар гаргасан хууль бус шийдвэрийг хянан үздэг хуулийн зохицуулалт шаардлагатай байна. Иймд мэргэжлийн хяналтын болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд уг шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг дээд шатны Засаг даргад болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Ерөнхий сайдад тавьж шийдвэрлүүлдэг байхаар заалт оруулсан.
- Одоогийн мөрдөгдөж буй Газрын тухай хуулинд гэр бүлийн хамтын хэрэгцээний болон төсөвт байгууллагад зайлшгүй эзэмшүүлэхээс бусад зориулалтаар олгох газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр хуульчилсан боловч ямар тохиолдолд дуудлага худалдаа, эсвэл төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлэхийг нарийвчлан зааж өгөөгүйгээс хуулийн хэрэгжилт тааруу байна. Иймд гэр бүлийн хамтын хэрэгцээний, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага, концессын гэрээгээр эзэмшүүлэх газрыг эрх бүхий Засаг дарга шууд олгодог, аж ахуйн үйл ажиллагааны зориулалтын газрыг дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалтаар олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан болно. Газрын биржээр ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхой бус байгаа учраас хуулийн энэхүү заалт өнөөг хүртэл хэрэгжихгүй байна. Иймд төрийн өмчийн газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Монгол улсын иргэд хэрэв хүссэн тохиолдолд газар өмчлөх эрхээ дуудлага худалдаагаар худалдах, төрийн өмчийн газрын хувьцааг арилжих зэрэг үйл ажиллагааг газрын биржээр дамжуулан явуулж байх, газрын биржийн үйл ажиллагааны дүрэм, ажиллах журмыг Засгийн газар баталдаг байх зохицуулалтыг шинээр тусгав. Газрын бирж нь төр, хувийн хэвшлийн оролцоотой байна.
- Орон нутгийн тусгай хэрэгцээнд газрыг авах нэрээр төрийн өмчийн газрын эзэмшил, ашиглалтын бодлогыг явцуу эрх ашигт нийцүүлэх оролдлогыг хязгаарлах шаардлагатай гэж үзсэн. Одоогийн хуулиар аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг тусгай хэрэгцээнд авч болохоор заасан байдаг нь дээрх нөхцөл байдал үүсэх шалтгаан болж байсан учир зориулалтыг нь тодорхой зааж аймаг, нийслэл нь эрчим хүч, цэвэр, бохир усны, зам, тээвэр, харилцаа холбооны шугам сүлжээ болон тэдгээрийн дагалдах барилга байгууламж барих, ундны усны эх үүсвэр, далан суваг, шуудуу болон сум дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болохоор хуулийн төсөлд тусгасан.
- Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуульд “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”, түүнд үндэслэсэн “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”, “Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-тэй байна гэж хэт ерөнхий байдлаар заасан байдаг. Иймээс энэхүү 3 төрлийн төлөвлөгөө тус бүрд ямар, ямар асуудлуудыг тусгахыг тодорхой болгож зааглахын зэрэгцээ эдгээр төлөвлөгөөг суурь судалгаан дээр үндэслэн хэрхэн яаж, ямар шалгуураар төлөвлөх, хоорондын харилцан уялдаа холбоо, хариуцан боловсруулах байгууллага, уг төлөвлөгөөг боловсруулахтай холбогдсон салбар хоорондын чиг үүргийг тодорхой болгоно.
Мөн эдгээр төлөвлөлтүүдийг хийх үйл ажиллагааны дарааллыг улсын төсөвтэй уялдуулан боловсруулдаг, зөвхөн тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг явуулдаг байх зохицуулалтыг хуульчлах болно. Газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах зарчмыг хуулийн төсөлд тусгасан. Аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газарт явуулах үйл ажиллагаандстандарт тогтоож мөрдүүлэх, тухайн стандартыг хангасан тохиолдолд газар олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан болно.
- Одоогийн мөрдөж буй Газрын тухай хуулинд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах зохицуулалт орхигдсоноос, Төрийн өмчийн газрыг ямар зориулалтаар, хэнд, ямар хугацаагаар ашиглуулахыг нарийвчлан тусгаагүйгээр хуулийн хэрэгжилт тааруу ойлгомжгүй байсныг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд аж ахуйн үйл ажиллагааны, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газарт үндсэн үйл ажиллагаанд нь Монгол Улсад байнга /183 хоног оос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд нь, сууц өмчлөгчдийн холбоонд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрыг тохижуулах, арчлах, хамгаалах, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд ашигт малтмал, газрын тос, байгалийн хий эрэх, хайх, болон концессын зориулалтаар газрыг тодорхой хугацаа, болзолтойгоор ашиглуулахад баримтлах зарчмыг тодорхой тусгасан болно.
10. Газрын төлбөр, газрын эрхийн дуудлага худалдаа болон газрын албадаас иргэдэд үзүүлж байгаа бусад үйлчилгээнээс олж байгаа орлогын тодорхой хувийг газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
11. Монгол улсын Иргэний хууль дахь суурь зарчмыг үндэс болгон Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын үндсэн бүрдэл хэсэг байхаар хуулийн төсөлд тусгалаа. Нөгөө талаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан этгээд нь тухайн үл хөдлөх хөрөнгийн доорхи газрыг эзэмших, эсхүл ашиглах эрхтэй байхаар заалт оруулав. Мөн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь 2 буюу түүнээс дээш өмчлөгчтэй тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх болон орчны газрыг дундаа хэсгээр буюу хамтран эзэмших /ашиглах/ эрхийг холбогдох журмаар зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан. Энэ нь нийтийн зориулалттай орон сууцны доорхи газрыг тухайн орон сууцны сууц өмчлөгчдөд нь эзэмшүүлэх боломжтой болох юм.
12. Одоогийн мөрдөж байгаа хуулиар орон нутгийн газрын албадын даргыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж байна. Газрын харилцаа нь мэргэжлийн боловсон хүчний хувьд тогтвортой, улс төрөөс хараат бус ажиллах шаардлагатай байгаа тул аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Засаг даргын саналыг үндэслэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага томилдог байхаар хуулийн төсөлд тусгасан болно.
13. Одоогийн мөрдөж байгаа Газрын тухай хуулиар газар эзэмших, ашиглах хүсэлт гаргах, хүсэлтийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг байсныг хүсэлт гаргах, хүсэлтийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг Газрын кадастрын тухай хуулиар зохицуулахаар тусгасан болно.
14. Газрын нэгдмэл сангийн ерөнхий удирдлагыг улсын хэмжээнд Газрын үндэсний хороо хэрэгжүүлэх бөгөөд Газрын үндэсний хорооны дүрмийг Засгийн газар баталдаг байхаар, Газрын үндэсний хороо нь салбар хоорондын зохицуулалтыг хариуцах, газрын харилцааг зохицуулсан хуулиудыг шинэчлэх, давхардлыг арилгах, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, газар өмчлөлийн цар хүрээг өргөтгөх, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, газрын төлөвлөлтөнд иргэдийн оролцоог хангах, түүхэн уламжлалт газар зүйн нэрийг тодруулан тогтоох, хадгалж, хамгаалах, албан ёсоор хэрэглэх, стандартчилах, Газрыг шинэчлэн зохион байгуулах, газар албадан чөлөөлөх, газрын үнэлгээ төлбөр, нөхөн олговор тооцох, олгох асуудлыг бодлогоор дэмжих чиг үүрэгтэйгээр ажиллахаар хуулийн төсөлд тусгасан.
15.Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газрыг эзэмших эрхийг зохион байгуулалтад орсон малчдын холбоо, нөхөрлөлд нэг удаа үнэгүй олгох, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар бэлчээрийн газрыг тодорхой болзол, гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд нэг удаа үнэгүй эзэмшүүлж болохоор, түүнчлэн өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газрыг эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулахаар тусгасан болно.
16.Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авсан этгээд үйл ажиллагаа явуулахдаа тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэрээ байгуулдаг байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан.
17.Концессын тухай хуульд заасны дагуу концесс эзэмшигчид гэрээгээр газар эзэмшүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Концессын гэрээ байгуулсаны үндсэн дээр газар ашиглах хүсэлтээ тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж шийдвэрлүүлдэг байх, газар ашиглах гэрээ нь концессын гэрээний хугацаатай адил байх ба концессын гэрээ сунгагдсан нөхцөлд мөн адил хугацаагаар сунгагдах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан болно.
18.Улс, орон нутгийн тусгай болон нийтийн хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлөхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулахаар хуулийн төсөл тусгана.
19.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхдээ Монгол Улсын хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхтэй адил зарчмыг баримтлана гэсэн зарчмыг хуулийн төсөлд тусгасан.
Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 8 бүлэг 80 зүйлтэй.
Хоёр:Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
1. Одоогийн мөрдөж байгаа Газрын төлбөрийн тухай хуулиар Монгол улсын газрын нэгдмэл санг байгаль, цаг уурын нөхцлөөр хуваасан үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын зэрэглэлд хамаарах суурь үнийг харгалзан газрын төлбөрийн хувь, жилийн төлбөрийн дээд, доод хэмжээг тогтоосон байдаг. Газрын суурь үнэ, газрын төлбөрийн хувь хэмжээг зах зээлийн бодит үнэ, газар ашиглалтын зориулалт, газрын үр өгөөж, байршил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тогтоохоор өөрчилсөн болно.
Тухайлбал: Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог болон хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний бүсчлэлд харгалзах газрын жишиг үнийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр Засгийн газар тогтоох бөгөөд зах зээлийн үнийг гол үзүүлэлт болгохоор хуулийн төсөлд тусгасан.
2. Аймаг дундын отрын бэлчээр ашиглагчид газрын төлбөр ногдуулах эсэх асуудлыг Засгийн газар, сум дундын отрын бэлчээр ашиглагчид газрын төлбөр ногдуулах эсэх асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгалаа. Учир нь аймаг дундын болон сум дундын отрын бэлчээр ашиглагчидтай гэрээ байгуулах боломж байдаггүй иймээс тухайн шатны Засаг дарга нар харилцан тохиролцсны үндсэн дээр шийдвэрлэж байх нь зүйтэй юм.
3. Одоогийн хуулиар эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон бусад суурины газрын төлбөрийг тухайн газрын суурь үнийн 0.1-1 хувиар тооцож авч байгаа бөгөөд 1 м2 хот, тосгон, бусад суурины газрын жилийн төлбөрийн хэмжээг Улаанбаатар хотод 44-440 төгрөг, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг томоохон хотуудад 12-90 төгрөг, бусад аймгийн төвүүдэд 4-10 төгрөг, сумдын төвд 80 мөнгөөр тогтоосон нь 1997-2006 он хүртэлх инфляцийн түвшний өөрчлөлттэй харьцуулахад хэт багаар тогтоогдсны зэрэгцээ газрын харилцааг удирдан зохион байгуулах эдийн засгийн хөшүүрэг болж чадахгүй байна. Иймд хуулийн төслөөр хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийг тухайн эдлэн газрын үнэ цэнийн 70 хувьд ногдуулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан дээрх хязгаарт багтаан төлбөрийн хэмжээг өсгөж, бууруулж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.
4. Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар газрын төлбөрийг тэгшитгэн хувь хэмжээг дээд, доод хязгаартай тотоосон байдаг. Хуулийн төсөлд хот тосгон бусад суурины газрын төлбөрөөс бусад төлбөрийн хувийг дээд, доод хязгаар байхгүйгээр зах зээлийн жишиг үнийн тодорхой нэг хувь байхаар тусгасан болно.
Тухайлбал:
- “малчин өрх”, “мал бүхий иргэд” гэж ялгахүйгээр нийт бэлчээр ашиглагчдаас төлбөр авахаар тусгасан бөгөөд бэлчээрийн газрын төлбөрийг бэлчээрийн газрын жишиг үнийн 0.1 хувиар хонин толгойд шилжүүлсэн малын тоо толгой тутмаас тооцож авахаар төсөлд тусгасан.
- Хадланийн газрын төлбөрийг тухайн газрын жишиг үнийн 1 хувиар тооцож авахаар хуулийн төсөлд тусгасан.
- Одоогийн мөрдөж байгаа хуулиар үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбайн газрын төлбөрийг бүгд адилхан тариалангийн газрын төлбөрийн хувь хэмжээгээр тооцож байсан. Хуулийн төсөлд тариалангийн газрын төлбөрийн хувийг тогтоохдоо үр тарианы талбайн газрын төлбөрийг жишиг үнийн 0.5 хувиар, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбайн газрын төлбөрийг жишиг үнийн 1 хувиар тус тус тооцож авахаар тусгалаа.
- Өвөлжөө, хаваржааны доорх газрын төлбөрийг тухайн тойргийн бэлчээрийн газрын суурь үнийн 3 хувиар тооцож авахаар тусгав. Одоогийн хуулиар тухайн нутагт хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээг 2 дахин өсгөж тооцож авч байгаа болно.
- Ашигт малтмал,газрын тос, байгалийн хий, ашиглах үйл ажиллагааны зориулалттай талбайн 1 га тутмын төлбөрийг хот, тосгон, бусад суурины үнэлгээний бүсчлэлийн хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын нийслэл болон аймгийн төвийн сумын 1 дүгээр бүсчлэлд хамаарагдах газрын төлбөрийн жишиг үнийн 1 хувиар тооцно.
- Ашигт малтмалын хайгуулын талбайгаас төлбөр авах бөгөөд түүний төлбөрийг тухайн тойргийн бэлчээрийн газрын суурь үнийн 0.1 хувиар тооцож авахаар тусгасан.
- Ойн болон усны сан бүхий газарт гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдийн газрын төлбөрийг ашиглаж буй зориулалтаас нь шалтгаалан 2 дахин өсгөж тооцохоор хуулийн төсөлд тусгав. Одоогийн хуулиар ойн болон усны сан бүхий газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдийн газрын төлбөрийг ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээг 2 дахин өсгөж авч байгаа болно.
- Орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, газар эзэмших, ашиглах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн газрын төлбөрийг ашиглаж буй зориулалтаас нь шалтгаалан 3 дахин өсгөж тооцохоор хуулийн төсөлд тусгасан. Одоогийн хуулиар зөвхөн улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан 3 дахин өсгөж авдаг.
5. Хуулийн төсөлд аймаг, нийслэлийн газрын алба, сумын газрын даамлыг татварын улсын байцаагчийн эрхтэй байхаар тусгаж, тэдгээр нь газрын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэх эрх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд шинээр тусгана. Одоогийн хуулиар газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ нь газрын төлбөрийг ногдуулах, татварын алба газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавихаар заасан байдаг. Харин "Газрын тухай" хуульд аймаг, нийслэлийн Газрын албад, сумдын даамлын эрх хэмжээнд газрын төлбөрийг ногдуулж, хураахаар заасан байдаг. Гэвч газрын төлбөр төлөөгүй болон төлөхөөс зайлсхийсэн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоос өмнөх хариуцлага тооцох асуудал нь холбогдох хуульд зааснаар зөвхөн татварын улсын байцаагчийн эрх хэмжээнд хамаарагддаг ба энэхүү хяналт төдийлөн сайн хэрэгжихгүй байаа болно.
6. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэлийн төсөвт оруулахаар хуульчилна.Одоогийн мөрдөж буй хуулиар “газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна” гэж заасан байдаг.
7. Одоо мөрдөж байгаа хуульд газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээр алданги ногдуулах, газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгодог. Хуулийн төсөлд алданги тооцох, газар эзэмших эрхийг хүчинүй болгохоос гадна газрыг чөлөөлүүлэх асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж байхаар тусгасан.
8. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тухайн
жилийн газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг аймаг, нийслэлээр хэлэлцэн баталж орон нутгийн төсөвт тусгуулдаг байх, түүнчлэн газрын төлбөрийн орлогын тайлан гаргах журам, заавар, маягтын загварыг баталдаг байхаар хуулийн төсөлд шинээр нэмж тусгасан.
9. Монгол улсын иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа 0,07 га хүртэлх газрын төлбөрийг 90%-аар, мөн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ясли, хүүхдийн зуслан, асрамжийн газрын газрын төлбөрийг 100% чөлөөлсөн нь зах зээлийн эрэлт хэрэгцээ, шударга тэгш байдалд нийцэхүй байна. Эдгээр байдлыг харгалзан иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ясли, хүүхдийн зуслан, асрамжийн газрыг газрын төлбөрөөс чөлөөлөхгүй байхаар хуулийн төсөлд тусгасан.
10. Атаршсан талбайд тариалалт, ойжуулалт хийсэн, мод, бут сөөг тарьсан, байгалийн гамшиг болон химийн бодисоор бохирдож, хордсон, уул уурхайн ашиглалтын явцад элэгдэл эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээгээд эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн газрын төлбөрийг тодорхой хувиар хөнгөлөхөөр, төрийн өмчийн газрыг хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа зарим иргэн, хуулийн этгээдийг газрын төлбөрөөс чөлөөлөхөөр нэмж хуулийн төсөлд тусгасан.
11. Эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр Газар эзэмшигч тухайн газраа атаршуулсан бол газрын төлбөрийг тухайн тойргийн тариалангийн талбайн төлбөрийн хэмжээг 5 дахин өсгөн тооцож ногдуулж авахаар шинээр тусгасан болно.
Энэ хуулийн төсөл нь 1 бүлэг, 12 зүйлтэй.
Гурав. Газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
1. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулинд кадастрын хэмжилт, зураглал, газрын кадастрын үйл ажиллагааг тусдаа зүйл мэтээр салган томъёолж, нарийн зохицуулалт хийгээгүйгээс хуулийг нэг мөр ойлгож мөрдөхөд бэрхшээлтэй байгаа юм. Энэ нь аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын кадастрын үйл ажиллагааг цогцоор нь хийж чадахгүй, газрын улсын бүртгэлийн үйл ажиллагаа өрөөсгөл хийгдэх, нотлох баримт материал дутуу бүрдүүлэх, ингэснээр газар ашиглалтын архивын баримт материал түүхчлэн хадгалагдаж чадахгүй байгаа зэргээс шалтгаалан газрын харилцаанд гарч байгаа болон гарч болох маргааныг шийдвэрлэхэд хүндрэл учрах дутагдал байсаар байна. Иймд Газрын кадастр гэж олон улсын туршлагад үндэслэсэн өөрийн орны онцлогт тохирсон Монгол улсын нийт газрын талаархи бүртгэлийг агуулсан, нэгж талбар дээр тулгуурласан, байнга шинэчлэгдэж байдаг газрын мэдээллийн системийг буюу газрын кадастрын мэдээллийн сан, техник хэрэгсэл, програм хангамж, мэргэшсэн боловсон хүчний цогц бүрдлийг агуулсан ойлголт байхаар хуулийн төсөлд тусгана. Ингэснээр Монгол орны нийт газар нутаг эзэнтэй болж, газрыг үр ашигтай ашиглах, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
2. Олон улсын туршлагаас харахад аливаа бүртгэл, түүний дотор газрын кадастр нь объект дээр үндэслэсэн бүртгэлийн систем байдаг. Иймээс нэгж талбарыг хэрхэн дугаарлахтай холбогдсон зарчмын заалтуудыг хуулийн төсөлд тусгах шаардлага байна. Тухайлбал, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан ЗТАЖ-ын сайдын 2007 оны 101 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол улсын бүсчлэлийн нэгдсэн код”-той уялдуулан Монгол улсын Улаанбаатар, төвийн, хангайн, зүүн, баруун бүсийн хүрээнд аймаг, дүүрэг тус бүрийг кадастрын муж хэмээн үзэж, түүний дугаарыг “Монгол улсын бүсчлэлийн нэгдсэн код”-той адил байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан.
3. “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулиар “Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл”-ийг хийхтэй холбогдсон үйл ажиллагааг ерөнхий тодорхойлж, бүртгэлийн үйл ажиллагааг нарийвчлан тусгаагүйгаас тоо бүртгэл бүрэн хийгдэхгүй, өмчлөл, эзэмшил, ашиглалтанд олгогдоогүй болон нийтийн эзэмшлийн газрын бүртгэл улсын хэмжээнд хийгдэхгүй байна. Мөн газрын нэгдмэл сангийн ангилал шилжих талаар хуульчлаагүйгээс ангилал шилжүүлэх асуудал замбараагүй явагдаж байгаагаас газрын сан нэгдмэл байх зарчим алдагдаж байна. Иймээс ”Газрын кадастрын тухай” хуулийн төсөлд төрийн өмчийн газрын бүртгэлийг хийх, газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангиллаас хэрхэн шилжүүлэх үйл ажиллагаа болон эрх бүхий этгээдийг тодорхой зааж өгсөн болно.
4. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулиар нэгж талбарын талаар дэлгэрэнгүй заалтыг оруулж, газар шинээр өмчлөх, эзэмших, ашиглах эрх түүний шилжилтийг бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг тодорхойлж өгөөгүй, газрын улсын бүртгэлийн талаарх нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй.Иймээс шинээр газар өмчлөх, эзэмших, ашиглахад бүрдүүлэх бичиг баримт, тэдгээрийг хүлээн авах, судлах, шийдвэр гаргуулах ажлыг хэрхэн, хэн яаж зохион байгуулах, гарсан шийдвэрийн дагуу бүртгэх, мэдээллийн санд оруулах, тоон болон аналоги хэлбэрээр хадгалах, ямар тохиолдолд тухайн нэгж талбарт өөрчлөлт оруулах, газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэн, хуулийн этгээд ямар бичиг баримт бүрдүүлэх, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамлын эрхлэх үйл ажиллагааг тодорхой болгох талаар хуулийн төсөлд тусгасан болно.
5. Газрын үнэ цэнийг нэгж талбар бүрээр бодитой тогтоогоогүйгээс газрын татвар, төлбөрийг тэгш шударга зарчимаар ногдуулах боломж бүрдэхгүй байна. Төрөөс иргэний өмчлөл бүхий газрыг тусгай зориулалтын дагуу нөхөн олговортойгоор эргүүлэн авахдаа тухайн газар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнээр өмчлөгчтэй тохиролцоно хэмээн хуульд заасан хэдий ч зах зээлийн үнэ цэнийг хэрхэн тогтоох талаар нарийвчилсан зохицуулалт өнөөг хүртэл хуульчлагдаагүй байна.Иймд газрын үнэлгээтэй холбоотой нэр томьёог бусад хууль, тогтоомж, олон улсын стандарттай нийцүүлэх, газрын үнэлгээний үйл ажиллагаанд оролцогчидын эрх, үүргийг тодорхойлж, олон улсын жишигт нийцсэн, өөрийн орны онцлогт тохирсон газрын үнэлгээний тогтолцоог бий болгох талаар хуулийн төсөлд тусгасан.
6. Газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээл дээр худалдсан болон түрээсэлсэн үнийн талаархи мэдээллийн нэгдсэн сан бүрдээгүй, иргэд өмчийн газраа худалдах, арилжих, барьцаалах зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулахад хэрхэн үнэлж ямар үнээр зарахаа төдийлөн сайн мэдэхгүй, энэ талаархи мэдээ мэдээлэл хомс байгаагаас зах зээлд оролцогч талуудын аль нэг нь хохирох байдал гарч байна.
Мөн газар өмчлөгч, эзэмшигч нь газраа нөхөх олговортойгоор төрд эргүүлэн өгөх тохиолдолд тухайн газрын үнийн талаарх бодит мэдээлэл байхгүйн улмаас шинэ бүтээн байгуулалтын ажил удааширч нийгэм, эдийн засагт өгөх өгөөж нь буурсаар байна.Иймд газар, түүн дээрхүл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг бүрдүүлэх, нотариат, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, банк, санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөр, орон нутгийн газрын албадаас үнийн мэдээг авдаг сувагтай болох, иргэд олон нийтэд үйлчилдэг байх тогтолцоог хуульчиж өгсөн болно.
7. Газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хамтат нь бүртгэдэг байх тогтолцоог бүрдүүлэх талаар хуулийн төсөлд тусгасан.
8. Тогтвортой, үр ашигтай газар ашиглалтыг дэмжих, хянах, газрын улсын бүртгэл, газар ашиглалтын төлөвлөлт, газрын татвар, хүрээлэн буй орчны хяналт болон бизнесийн хөгжлийг мэдээллээр хангах зэрэг үндсэн зорилго бүхий нэгдмэл нэг, хандалтын хоорондын үйлдэл, ажиллагаанд суурилсан Үндэсний газрын мэдээллийн систем дэх Газрын кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, газрын улсын бүртгэлийн хүснэгтэн мэдээллийг олон улсын гудамж хаяглах системийн дагуу бүрдүүлэх, нэгдсэн нэг стандартын дагуу мэдээлэл солилцох, мэдээллээр үйлчлэх зэрэг мэдээллийн системийн тогтвортой үйл ажиллагааг илүү нарийвчлан хуульчлан зохицуулах шаардлагатай байна. Иймээс Газрын мэдээллийн системийг байгуулах, мэдээлэлийг шинэчлэх, мэдээлэл солилцох, мэдээллээр үйлчлэх этгээдийг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан.
9. Кадастрын хэмжилт, зураглалын ажпыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан эрх бүхий аж ахуйн нэгж гүйцэтгэдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь ихэвчлэн Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орон нутагт очиж кадастрын хэмжилт, зураглалын ажлыг хийхэд зардал чирэгдэл ихтэй, хүндрэлтэй асуудлууд гарч байна. Иймд Орон нутагт кадастрын хэмжилт, зураглалын ажлыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан Аймгийн газрын асуудал эрхэлсэн байгууллага хийж гүйцэтгэх тухай заалтыг дэлгэрэнгүй оруулсан.
10. Газрын кадастрын санхүүжилтийн асуудлыг тодорхой зааж өгнө. Газрын кадастрын үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс, газрын кадастрын болон үнийн мэдээллээр үйлчилсэн хураамжаар санхүүжэхээр хуулийн төсөлд тусгасан.
11. Газрын кадастрын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, суманд мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаа нь газрын харилцааны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна.Иймээс газрын кадастрын салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ажил мэргэжилдээ ахих тогтолцоог бий болгох, төрөөс иргэдэд үйлчилэх үйлчилгээг чанаржуулах талаар хуулийн төсөлд тусгасан болно.
Уг хуулийн төсөл 7 бүлэг, 55 зүйлтэй.
Дөрөв.Геодези, зураг зүйн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл:
- “Газрын тухай хууль”-д тусгай хамгаалалттай газар нутгийн болон эзэмшиж, ашиглаж байгаа газрын хил заагийн талаар, түүнчлэн "Хилийн тухай" хуульд "хилийн цэс", "хилийн шугам", "хил хязгаар", "хилийн зааг" "зааг" гэх мэт өөр өөрөөр хэрэглэдэг боловч тэдгээрийн ялгааг гаргасан тодорхойлолтыг тусгаж өгөөгүй. Эдгээр шалтгаануудаас болж нэгэн ижил зүйлийг өөр өөрөөр тайлбарлаж газар нутагтай холбоотой маргаан гарч байна. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.1.4-т Улсын Их Хурал "1:25000-аас багагүй масштабтай байр зүйн зурагт тэмдэглэгдсэн аймаг, нийслэл, сум дүүргийн хилийн цэсийн зургийг батлах" гэж заасан нь хилийн цэсийн зөвхөн зургийг нь байр зүйн зургийн масштабаас хамааруулан тус тусад нь батлах мэт ойлгогдож байгаа юм. Хилийн цэс нь газрын зургийн масштабаас хамааралгүй байх ёстой бөгөөд үүний тулд хилийн шугамын эргэлтийн цэгүүдийг солбицолжуулан, хилийн цэстэй хамт Улсын Их Хурлаар баталгаажуулдаг байхаар хуульчилсан.
2. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн ойлголтын дор гүйцэтгэж байгаа ажил нь эцсийн үр дүн адил боловч гүйцэтгэх арга технологийн хувьд агаар, сансар, газар, хиймэл дагуул гэх мэтээр өөр өөр байдаг. Мөн эдгээр ажилд ашиглах багаж, техник технологи, мэргэжлийн боловсон хүчинд тавигдах шаардлага нь ч өөр байдаг. Иймд геодези, зураг зүйн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх чадвартай аж ахуйн нэгжийг бүртгэхдээ шалгуур үзүүлэлтийг 7 төрлөөр нарийвчлан ангилдаг байхаар тусгасан.
3. Салбар бүр өөр өөрийн салбартаа геодези, зураг зүйн үйл ажиллагааг эрхлэж байгаа нь төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг алдагдуулж байгаа тул геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран салбартаа хийгдэх геодези, зураг зүйн ажлыг захиалдаг байх, ажлын үр дүн, мэдээ, мэдээллийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд төвлөрүүлдэг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.
4. Газрын зураг боловсруулах программ хангамж, хэвлэлийн орчин үеийн техник, технологи хэрэглээнд өргөнөөр нэвтэрч байгаатай холбоотойгоор төрөл бүрийн жижиг масштабын сэдэвчилсэн, сургалтын, аялал жуулчлалын зэрэг нийтийн хэрэгцээний газрын зураг, атлас зохиох, хэвлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн олширч, тэдгээрийн хэвлэсэн зарим газрын зураг, атлас болон интернэт дээр тавьсан Монгол улсын болон гадаад орны газрын зурагт улсын хилийн шугам, газар зүйн нэр, зургийн агуулга, мэдээ мэдээлэл зэрэг нь алдаатай дүрслэгдэн, түгээгдэх нөхцлийг үүсгэж байна. Иймд нийтийн хэрэгцээнд зориулан гаргаж буй газрын зураг, атлас болон ном товхимол дээр гаргах улс, аймгийн хилийн шугам, газар нутаг, хот суурингийн нэр /газар зүйн нэр/ зэрэг зураг зүйн суурь мэдээ, мэдээллийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд байгаа мэдээлэлд үндэслэн гүйцэтгэдэг байх, алдаагүй хэвлэдэг байх, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг байхаар хуульд өөрчлөлт оруулсан.
5. "Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль"-д заасан батлан хамгаалах зориулалтаар хийгдсэн байр зүйн зургуудыг нийтийн болон албан хэрэгцээнд зориулан хэрэглэх боломжгүй байгаа тул хуульд батлан хамгаалах, нийтийн хэрэгцээнд зориулсан бүх төрлийн масштабын байр зүйн зургийг зохиох, нийтийн хүртээл болгох үйл ажиллагааг зохицуулахаар шинээр хуулийн 8 дугаар зүйлийг боловсруулан оруулсан.
6. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Хуулийг зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хэмжээ нь тогтмол мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байгааг өөрчилж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоохоор хуульд тусгансан.
7. Геодези, зураг зүйн ажилд баталгаажилт хийгдээгүй хэмжлийн багаж, тоног төхөөрөмж ашигласан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой байхаар хуулинд нэмэлт оруулсан.
7. НҮБ-ын "Газар зүйн нэрийн шинжээчдийн бүлэг"-ээс зөвлөмж болгосны дагуу дэлхийн улс орнууд Засгийн газрынхаа шийдвэрээр хэд хэдэн яам, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн "Газар зүйн нэрийн Үндэсний хороо /зөвлөл/"-г байгуулан, батлагдсан газар зүйн нэрийг газрын зураг, атлас, албан хэрэг, бүх төрлийн ном, хэвлэл, мэдээлэл, зэрэгт нэг мөр мөрдүүлэх, зөв бичиж хэвшүүлэх, галиглах, стандартчилах, түүхэн уламжлалт газар зүйн нэрийг сэргээн хамгаалах, нийтийн хүртээл болгох, орон нутгаас гаргасан газар зүйн нэрийн холбогдолтой бүхий л асуудлыг хэлэлцэн, шийдвэр, зөвлөмжийг гаргадаг байна.
Иймд НҮБ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд манай улс хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс Газар зүйн нэрийн асуудлын үндэсний зөвлөлийг байгуулахыг Засгийн газрын эрх үүрэгт шинээр оруулан хуулийн төсөлд тусгасан.
8. Геодези, зураг зүйн ажилд магадлал хийх үйл ажиллагааг тодорхой болгох, геодези, зураг зүйн инженерт мэргэшлийн зэрэг олгохтой холбогдсон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.
Энэ хуулийн төслийг 4-н бүлэг 17-н зүйлтэйгээр боловсруулсан.
Тав.Газар албадан чөлөөлөх хуулийн төсөл:
1/ Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлттэй уялдан үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү үйл явцтай уялдан улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээ, нийгмийн зайлшгүй хэрэгцээ, ашиг сонирхолд нийцүүлэн хувийн өмчийн болон эзэмшил, ашиглалтанд байгаа газрыг албадан чөлөөлөх шаардлага гарч байна. Хэдийгээр Газрын тухай болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд газрыг чөлөөлөх талаар зарим зохицуулалтууд байгаа боловч тэдгээр нь зөвхөн гэрээний үндсэн дээр харилцан тохиролцоно гэж заасан тул хэрэв иргэнтэй тохиролцож чадаагүй тохиолдолд хэрхэн зохицуулах, шийдэх хууль зүйн механизм байхгүй байна. Иймд уг хуулийн төсөл батлагдсанаар улс, орон нутгийн тусгай болон нийтийн хэрэгцээг үндэслэн газрын албадан чөлөөлөх эрх зүйн зохицуулалт тодорхой болох юм.
2/ Газар албадан чөлөөлөхтэй холбогдон төр, иргэн болон бусад этгээдийн хооронд үүсэх харилцааг нарийвчлан зохицуулаагүйгээс газар албадан чөлөөлтөд өртөгчдийн эдлэх эрх, авах нөхөн олговор болон тэдэнд үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээ, тусламж дэмжлэг тодорхойгүй, гомдол маргааны шийдвэрлэх механизм байхгүй зэргээс шалтгаалан газар чөлөөлөх харилцааны “гол хохирогч мөн буруутан” нь иргэд болох нь түгээмэл байна. Иймд иргэдэд зохих хэмжээний шударга ёсны нөхөн төлбөрийг олгох, мөн төрийн байгууллага болон иргэдийн эрх, үүргийг тодорхой болгох замаар харилцааг нэгдсэн байдлаар журамлана.
3/ Газар албадан чөлөөлөх харилцаанд газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, нөхөн олговорын хэмжээг тодорхойлоход энэхүү харилцаанд нөхөн орлуулалтын үнээр[1]эсхүл зах зээлийн үнийн дүнгийн аль их байгаагаар нь тооцохгүйгээр харин олон жилийн өмнө батлагдсан газар болон эд хөрөнгийг өмчлүүлэх, хувьчлах харилцаанд голлон хэрэглэгддэг газрын суурь үнийн зохицуулалтыг баримталж байгаагаас шалтгаалан иргэдтэй тохиролцоонд хүрэхгүй байх нь түгээмэл байна.
4/ Мөн нийтлэг эрх ашгийг хангахад чиглэсэн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад дийлэнх иргэдтэй нөхөн олговор, бусад асуудлын талаар гэрээ, хэлэлцээрийн замаар шийдвэрлэсэн боловч цөөн тооны этгээд хэт үндэслэлгүй шаардлага тавих замаар нийгмийн нийтлэг эрх ашиг төдийгүй бусад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарлаж байгаа тохиолдолд тэдэнд төрийн албадлагыг хэрэглэх нөхцөл, журмыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа болно.
5/ Иймд газар албадан чөлөөлөхтэй холбогдох олон талт асуудлыг цогцоор нь зохицуулж, газрыг албадан чөлөөлөх үндэслэл болох улс, орон нутгийн тусгай хэрэгцээ болон нийгмийн зайлшгүй хэрэгцээг тодорхой зааж, гагцхүү хуульд заасан үндэслэлээр иргэд, тэдгээрийн газар, өмчийн эрхийг хязгаарлах, улмаар гэрээ хэлцлийн замаар газрыг чөлөөлөх тохиролцоонд хүрч чадаагүй бол Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмын дагуу төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар газар албадан чөлөөлөх үндэслэлийг тодорхойлсон “Газар албадан чөлөөлөх тухай хууль”-ийг шинээр боловсруулах шаардлага зүй ёсоор гарч байна.
Дээрх практик шаардлагуудыг тус хуульд дараах зарчмуудаар зохицуулсан болно.
- Газар албадан чөлөөлөхөөс аль болох зайлсхийх, түүний сөрөг үр дагаврыг аль болох багасгах;
- Газрыг албадан чөлөөлөхөөс өмнө газар чөлөөлөлтөд өртөгчтэй харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулах замаар газрыг чөлөөлөх шийдэлд хүрэхийг урьтал болгох;
- Газрыг албадан авч хүчээр чөлөөлөх арга хэмжээ нь хамгийн эцсийн шийдэл байх;
- Улс, орон нутгийн тусгай хэрэгцээ болон нийгмийн зайлшгүй хэрэгцээг /нийтийн хэрэгцээ/ нарийвчилан тодорхойлж, үндэслэлийг гаргасан нөхцөлд төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж албадахыг зөвшөөрөх;
- Нөхөн олговрыг олгохдоо нөхөн орлуулалтын үнэ буюу зах зээлийн үнийн аль их байгаагаар нь сонгон тооцож газар албадан чөлөөлөлтөд өртөгчид учирсан алдагдал, хохирлыг барагдуулах зарчмыг баримтлах;
- Улс, орон нутгийн тусгай хэрэгцээ эсвэл нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг албадан авч хүчээр чөлөөлөх эрхийг хувийн хэвшил хэрэгжүүлэхгүй байх;
- Газар албадан чөлөөлөлт дуусах үед чөлөөлөлтөд өртөгчийн газар, орон байр, амьжиргаа, орлого нь өмнөх түвшинд эсвэл түүнээс дээрдсэн байх;
- Газар албадан чөлөөлөхтэй холбогдон гарах маргааныг үр дүнтэй, цаг алдалгүй шийдвэрлэх бололцоотой гомдол барагдуулах, маргааныг хэлэлцэж дүгнэлт гарган зөвлөмж өгөх тогтолцоог бүрдүүлэх;
- Газар албадан чөлөөлөх үйл ажиллагааны нөлөө, үр дагавар, алдагдлыг нарийвчлан үнэлж тогтоох;
- Газар албадан чөлөөлөх үйл ажиллагааны зардлын нийт төсөв санхүүжилтийг газрыг чөлөөлөн хийх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны төсөвт оруулан шийдвэрлэх;
- Газар албадан чөлөөлтөнд өртөгч нийгмийн эмзэг бүлгийн асуудлыг тусгайлан авч үзэх;
- Газар албадан чөлөөлтөнд өртөж буй газрын зөвшөөрөлгүй буюу энэхүү зөвшөөрлийг олгох боломжгүй иргэдийн хувьд асуудлыг ялгавартай авч үзэх;
- Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс газар албадан чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдалд тодорхой хугацааны дараа гүйцэтгэлийн мониторинг хийх замаар хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд дүгнэлт гардаг байх зэргийг хуулийн төсөлд тусгана.
Энэ хуулийн төсөл 6 бүлэг 50-н зүйлтэй.