Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2023.06.29

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.28/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 20 гишүүнээс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч гишүүдийн нэг Ж.Батжаргал танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Сүүлийн 20 гаруй жилийн туршид бэлчээрийг ашиглах, хамгаалахтай холбоотой эрх зүйн харилцааг сайжруулах шаардлагатай байгаа талаар ярьж, хэлэлцэж, дөрвөн удаа хуулийн төсөл боловсруулсан боловч өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй байгааг дурдаад одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуульд бэлчээрийг нийтээр, дундаа ашиглахаар зохицуулсан нь эмх замбараагүй, сорчлон ашиглах, даацыг хэтрүүлэх зэргээр улирлын хуваарьтай сэлгэж ашиглах уламжлалыг алдагдуулж, талхагдал, доройтол, цөлжилт үүсгэхэд хүргэсэн ч үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байна. Төрийн өмчийн бэлчээр дээр хувийн өмчийн мал аж ахуй эрхлэх харилцааны эрх зүйн хэм хэмжээг нарийвчлан тогтоохгүй явсаар өдийг хүрчээ гэдгийг онцлон тэмдэглэв.

Мэргэжлийн байгууллага, судлаачдын тогтоосноор Монгол Улсын нийт бэлчээрийн даац хонин толгойд шилжүүлснээр 86 сая малд тохиромжтой гэж эрдэмтэд тооцоолсон байдаг. Гэвч энэ хэмжээ 2023 оны эхэнд 120,7 саяд хүрээд байна. 1980-аад оны үед хүн амын хүнсний хэрэгцээг болон дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах төлөвлөгөөг гаргахдаа 10 жилийн судалгааны бүрэн хэмжээний дүгнэлт дээр үндэслэн тогтоож, бэлчээрийн даацыг зун, намар 87.4 сая хонин толгой, өвөл, хаварт 49.9 сая хонин толгой мал тэжээх бололцоотой гэж тодорхойлж байжээ. Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланд дурдсанаар манай улсын нийт бэлчээрийн 65.0 хувьд ургамлын бүтэц, бүрэлдэхүүн харилцан адилгүй түвшинд өөрчлөгдөж, үүний 13.0 хувь цөлжсөн, 29 хувь хүчтэй доройтжээ. Гэхдээ бэлчээр ашиглалтын ачааллын өнөөгийн горимыг цаг алдалгүйгээр өөрчилж, даацад тохируулж чадвал нийт доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаар сэргэх боломжтой гэж судлаачид дүгнэж байна.

Иймд энэ боломжийг алдахгүйн тулд бэлчээрийн эрх зүйн зохицуулалтыг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байгаа тул Газрын тухай хуульд бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, сэргээн сайжруулахтай холбогдох харилцааны зохицуулалтыг хуульчлан зохицуулах нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болоод байна гэж танилцуулгад дурдсан байлаа.Хуулийн төсөл дээр иргэдийн саналыг сонсох зорилгоор орон даяар хэлэлцүүлэг хийх ажлыг хууль санаачлагчдын зүгээс зохион байгуулж, нийт 5 бүс нутагт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө таницуулж, малчид, мал бүхий иргэд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, орон нутгийн газрын болон бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймаг, сум, багийн Засаг дарга нарыг хамруулан 1000 гаруй иргэдээс санал авлаа.

Хэлэлцүүлгийн үед явуулсан санал асуулгын дүнгээс харахад нийт оролцогчдын 97,7 хувь нь бэлчээр доройтож байгаатай санал бүрэн нийлсэн байна. Өнөөгийн бэлчээрийн харилцааны эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад оролцогчдын 90,6 хувь нь заавал өөрчлөх хэрэгтэй гэж хариулжээ. Бэлчээр ашиглалтын хэлбэрийн хувьд нийт оролцогчдын 46 хувь гэрээгээр ашиглах нь зөв гэсэн санал өгсөн ба 27 хувь нь малын тоо толгойн албан татварын зохицуулалт чухал гэсэн санал өгсөн гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.

Хуулийн төсөл нь дөрвөн зүйлтэй бөгөөд төсөлд хуульд нэмж хэрэглэгдэх нэр томьёог нэмж, бэлчээрийн ангиллыг тогтоож, тэдгээрийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, эдгээр харилцаанд оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлох, тогтоох харилцааг зохицуулахаар тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар:

  • -Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зан заншилд суурилсан оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдэнэ;
  • -Бэлчээрийг нийтээр ашиглаж, хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоож, бэлчээрт өөриймсөг хандаж, даацад нь тааруулан хуваарь сэлгээтэйгээр зохистой ашиглах, малын тоог өсгөх биш ашиг шим, чанарыг эрхэмлэхэд хөрөнгө хүч зарж хамгаалах сэтгэлгээ төлөвшин, эдийн засгийн эргэлтэд оруулж борлуулах боломж бүрдэнэ;
  • -Малын тоог бэлчээрийн даацад тохируулах ажлыг зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж, бэлчээрийн талхагдал, доройтол, цөлжилтийг бууруулж чадна:
  • -Мал аж ахуйн үйлдвэрлэлийг урт хугацаанд тогтвортой эрхлэх, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал хангах нөхцөл бүрдэнэ;
  • -Малчид, хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавхийг бэхжүүлэхэд түшиц болох зэрэг эерэг үр дагаврууд гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бэлчээрийн асуудал зөвхөн малчдын бус сум аймаг, хот суурин төдийгүй Монгол Улсын тулгамдсан асуудал болж байгааг тэмдэглээд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод төрийн бодлого, дэмжлэг үзүүлэх нь нэн чухал гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, хуулийн төслийн нэг тал нь бэлчээрийн хамгаалалт бол нөгөө хэсэгт ургуулах асуудлыг тавих нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хуулийн төслийг ерөнхий байгааг сануулаад худаг, уст цэг гаргах зэрэг зарим тулгамдсан асуудлыг хэлэлцүүлгийн явцад нарийвчлан зохицуулах шаардлагатай талаар санал хэлж байсан.

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.