2022.11.15

Н.Наранбаатар: Цэргийн анги, байгууллагуудыг газрын төлбөрөөс чөлөөлөх боломжтой юу

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2022.11.15/ хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Аймаг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг аймгийн Засаг дарга зөвшилцөж томилохоор болжээ. Уг нь мэргэжлийн байгууллагын дарга улс төрөөс ангид, сонгуулиас холуур, мэргэжлийн байгууллага нь томилдог байх нь зөв болов уу гэж бодсон юм.

Цэргийн анги байгууллагуудыг газрын төлбөрөөс чөлөөлөх асуудал байна. Газрын тухай хуульд чөлөөлөх 10 субьектуудыг зааж өгсөн байгаа. Тухайлбал боловсролын байгууллагууд, хадлангийн газар, соёлын өвийг хамгаалах, мод тарих, нийтийн зориулалттай орон сууц, үйлдвэрийн технологийн паркын газрыг 100% чөлөөлнө гэх мэт. Цэргийн анги байгууллагуудыг энэ дээр оруулах боломжтой юу? Цэргийн анги байгууллагуудын газрыг чөлөөлөхөд сөрөг зүйл юу байх вэ. Миний хувьд зарчмын зөрүүтэй санал гаргая гэж бодож байна. Цэргийн анги байгууллагууд тусгай хэрэгцээнд газраа авчихсан, үйл ажиллагаагаа явуулж байдаг. Гэтэл аймаг нийслэл дүүргүүд нь газрын төлбөрөө нэмдэг. Үүнээс болоод Батлан хамгаалах яамны хэмжээнд 1,9 тэрбум төгрөгний өр төлбөр үүсчихсэн байна.

Мөн төвлөрлийг сааруулахтай холбоотойгоор газрын багц хуульд хөдөө орон нутагт шилжиж очиж буй, тэнд амьдарч байгаа иргэдэд ямар давуу тал байх вэ?