Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулна
2022.10.20

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.20\ нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулаа.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрх чөлөөтэй. Монгол Улсын Их Хурлаас иргэний энэхүү үндсэн эрх, эрх чөлөөг байнга баталгаажуулан хамгаалахыг эрмэлзсээр ирсэн. Дээрх үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны нэмэлт, өөрчлөлтөөр “гүтгэх” зөрчлийг хүчингүй болгосон. Гэтэл Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т “бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн “5.9 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих” хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан.

Энэ хуулийн зохицуулалтаар цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтан прокурорын хяналт, шүүхийн шийдвэргүйгээр иргэн хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг шалган тогтоож, торгууль ногдуулахаас баривчлах хүртэл төрийн албадлага хэрэглэх шийдвэр гаргаж  хүртэл  байгаа. Иргэний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг Иргэний хуулиар, гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн, илт худал мэдээлэл тараасан тохиолдолд Эрүүгийн хуулиар тус тус хамгаалсан.

Гэтэл хүний нэр төр, алдар хүндийг зөрчлийн хуулиар хамгаалж, нь зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхийг хууль бусаар хязгаарлаад зогсохгүй шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг олон үндсэн эрхийг хязгаарласан хууль болсон байна. Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг өөрчлөхөөр төслийг боловсруулсан байна.