Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалтын нэгдсэн систем ашиглах хууль санаачилжээ
2021.05.13

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалтын нэгдсэн систем ашиглах хууль санаачилжээ

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төсөлд:
  • Дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, түүнчлэн зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд зарцуулах санхүүжилтийн эрх зүйн орчныг тодорхой болгох, улмаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гарсан гэмт хэргийг илрүүлэх ажилд эерэг дүн гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Гэмт хэрэг, эөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан тодорхой торгох ял, зөрчилд ногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг эдгээр арга хэмжээнд зарцуулах, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг гэмг хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулдаг байх;
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны бүх шатны байгууллага болон хуулийн этгээдийн хүлээх үүрэгт харьяа нутаг дэвсгэрт нь орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэлд байнгын хяналт тавьж, арчлалт, хамгаалалтыг хийж байх;
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн ажлын албаны албан хаагчдын статус болон санхүүжилтийг тодорхой болгох зэрэг зохицуулалтууд туссан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар цагдаагийн байгууллага иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргээ дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалт, мэдээллийн нэгдсэн системийн тусламжтайгаар хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарч, камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэж, ингэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гарсан гэмт хэргийг илрүүлэх ажилд эерэг дүн гарах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзсэн байна.