УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,05,13/ хуралдаан үргэлжиж байна. Хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
"Камержуулах асуудлыг бид хэд хэдэн өнцгөөс харах ёстой юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтын арга хэрэгсэл гэдэг талаас харах ёстой. Нөгөө талаас авч үзвэл хүний эрхийг хамгаалах юм. Гишүүдийн хэлсэнчлэн камержуулах нь нэгдүгээр асуудал биш, иргэдийн эрхийг хамгаалах нь чухал байна. Иргэдийн эрхийг хамгаалах зорилтоо биелүүлэхдээ, иргэдийн эрхийг зөрчихгүй байх баталгааг хууль зүйн талаас шийдэж өгөөгүй бол камержуулах гээд зүтгэж болохгүй. Энэ нь хууль зүйн талаасаа хүний эрхийг зөрчихгүй байх зарчим юм.
Х.Нямбаатар сайд аа? Цагдаа нар камерийн бичлэг задлаж байгаа биш үү? Эсвэл цагдаагийн байгууллага Сөхөөс зөвшөөрөлгүй бичлэг авсан тохиолдолд арга хэмжээ авсан уу? Арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.
Хэрвээ арга хэмжээ аваагүй бол цагдаагийн байгууллага, СӨХ-д заавал арга хэмжээ авна уу?
Цагдаагийн албан хаагч энгэрийн бичлэгээр сүрдүүлдэг, үүнд би өртөж байсан удаа бий. Зөрчил байхгүй, ажилдаа явж байхад үзэн ядаж байна хэмээн бичлэг хийж байсан тохиолдол байна. Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээнэ. Түүнчлэн цагдаагийн байгуллагын үйл ажиллагаа өмнөхөөсөө дордсон гэж бодож байна. Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд үүн дээр яаж анхаарч ажиллаж байна вэ? Өнөөдөр хүртэлх хугацаанд Хууль зүйн байнгын хороо анхаарч дүгнэхгүй байна.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа энэ хэвээрээ байх юм бол Хууль зүйн сайд танаа үйл ажиллагаа дордуулсан гэх шалтгаанаар хариуцлага хүлээнэ үү?
Ковид тахлын үед ажилласан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шалгах нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагыг шалгах ажлын хэсгийн ахлагч гаргаж өгөхыг Хууль зүйн байнгын хорооны даргад саналаа дэвшүүлж байна.Тиймээс цагдаа нар мөн адил хүний эрх хамгаалах үүрэгтэй, камержуулах нь зорилго биш шүү.
Хүний эрхийг хамгаалах баталгаа гаргасны дараагаар камержуулах ажлыг хийнэ үү?