2022.04.27
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр (2022.04.26) “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хууль санаачлагчийн хийсэн тайлбарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрх чөлөөтэй. Монгол Улсын Их Хурлаас иргэний энэхүү үндсэн эрх, эрх чөлөөг байнга баталгаажуулан хамгаалахыг эрмэлзсээр ирсэн. Дээрх үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “гүтгэх” зөрчлийг хүчингүй болгосон.
Тэрбээр, хүн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн хүндийг хуулиар олж авдаггүй, олон нийтийн итгэл хүндлэлээр олж авдаг. Гэтэл эрх мэдэл, албан тушаалаар олж авсан нэр хүндийг хуулиар хамгаалахыг оролдох нь жам ёсны зүйл биш бөгөөд иргэний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг иргэний хуулиар, гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн, илт худал мэдээлэл тараасан тохиолдолд эрүүгийн хуулиар тус тус хамгаалсан. Гэтэл хүний нэр төр, алдар хүндийг зөрчлийн хуулиар хамгаалж, цагдаагийн албан тушаалтан хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг шалган тогтоож, төрийн албадлага хэрэглэх шийдвэр гаргаж байгаа нь зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхийг хууль бусаар хязгаарлаад зогсохгүй шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг олон үндсэн эрхийг хязгаарласан хууль болсон байна.
Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг өөрчлөхөөр уг хуулийн төслийг боловсрууллаа хэмээн хууль санаачлагч танилцуулсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn