ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг тогтоолоо
“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, С.Бямбацогт дарга энэ талаар танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулиар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнтэй байхаар болсон. Үүгээр тус Комисс орон тооны зургаан гишүүнтэй байхаар болсон бөгөөд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шаардлага үүссэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос холбогдох шийдвэрийг гаргаж 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд зарласан байна. Энэ хугацаанд нэр дэвших хүсэлт ирээгүй, иймд материал хүлээн авах хугацааг дахин 15 өдрөөр сунгасан гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулав. Энэ хугацаанд хоёр хүн материалаа ирүүлсэн боловч нэг нь нэрээ татаж, хоёр дахь оролцогч өөр ажилд томилогдсон тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг дахин тогтоох шаардлага үүссэн гэлээ. Төсөлд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авахаар тусгажээ.
Байнгын хорооны дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, Байнгын хорооны дарга С.Бямбацогт холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн юм. Дараа нь Байнгын хорооны “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг тогтоох тухай” тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн юм.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүд уг төсөлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэх, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэнээр “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.