2021.11.09

Б.Баярсайхан: Эдийн засгийн бодлогоо анхаарч болох ч хүний хөгжлөө орхигдуулбал хөгжил ирэхгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Хуулийн төслийн 8 дугаарт Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хүний хөгжлийн бодлого төлөвлөлтийг улс, салбар, салбар хоорондын болон бүс орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлогоор хангах асуудал гэж оруулсан.

Хүн ам зүйн бодлого, хүний өсөлтийн ХНХ-ын сайдын чиг үүрэгт яг энэ үгээрээ орсон байдаг. Тухайлбал Хүн ам, түүний бүлгүүдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах, хүн ам түүний бүлгүүдийн хөгжлийг хангах хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлого төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах гээд орсон. 

Тэгэхээр өнгөрсөн 30 жилийн хөгжлийн түүхийг дүгнэвэл эдийн засгийн хөгжлөө түлхүү ярьсан хэрнээ хүний хөгжлөө орхигдуулсан Монгол Улсын Засгийн газарт Хүний хөгжлийн цогц бодлого хариуцсан институци байхгүй. Боловсролын яам хариуцна гэдэг ч боловсрол олгох чиглэлдээ анхаардаг. ХНХ-ын яам гэхээр хүн ам зүйн бодлого яриад явдаг. Тиймээс эдийн засгийг авч явах зөв хүнтэй байх, хүний хөгжлөө хариуцсан институци байхгүй учир хуучин төлөвлөгөөний комисс гэж байхад эдийн засгийн бодлогоосоо гадна хүний хөгжлөө ч давхар хариуцан ажилладаг байсан уламжлалаа сэргээх хэрэгтэй. Хүнээ мартсан энэ асуудлаа анхаарч Эдийн засгийн хөгжлийн яаманд Хүний хөгжил хариуцсан бодлого оруулж өгөөч гэсэн хүсэл байна.

Тэгэхгүй бол Хүний хөгжлийн яам гэж байгуулах боломжгүй. Хичнээн эдийн засаг хөгжөөд хүн нь чадваргүй, ёс зүйгүй байвал ямар ч эдийн засгийг аваад явах боломжгүй. Монгол Улсын хамгийн гол үнэт баялаг болсон хүний хөгжлийн цогц бодлогоо хэн нь хариуцах ёстой вэ гэдэг асуудал байна. 

МАН 2020 оны сонгуульд Нийгмийн хөгжлийн бодлогоо Хүн хөгжлийн цогц бодлого болгон дэвшүүлсэн. Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүний хөгжлийн цогц бодлого боловсруулах зорилт тавьсан. Энэ ажил 1 жил гаруй хийгдэхгүй, хариуцдаг институти ч байхгүй байна. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яаманд Хүний хөгжлийн асуудлыг хариуцсан чиг үүрэг байгаасай гэж хүсэж байна."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариуллаа. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn