1238 хүн ажлаас чөлөөлөгдөнө
2016.07.21

1238 хүн ажлаас чөлөөлөгдөнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төсөлд Засгийн газрыг 13 яам, 16 сайдтай байгуулан ажиллахаар заасан. Мөн 27 агентлагтай байна. Тохируулагч агентлаг 10, хэрэгжүүлэгч агентлаг 17 ажиллана.

Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор хэчнээн хүн төрийн албанаас чөлөөлөгдөх вэ, Гааль, татварын ерөнхий газрыг салгах боллоо. Ямар үндэслэлээр салгах болов, дэд сайдын орон тоог бий болгох ямар шаардлага үүсэв гэдэгт хариулт хүслээ.

Үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Бүтцийн өөрчлөлтөөр 1238 хүн ажлаасаа чөлөөлөгдөнө, шинээр байгуулагдах бүтэц дээр 369 хүн очино.

Гааль, татварын ерөнхий газрыг салгах болсон нь явуулж байгаа үйл ажиллагаа нь хоёр өөр учраас хийж байна. Гааль бол төсвийн орлого бүрдүүлэгч байгууллага биш хяналт тавьдаг байгууллага.

Дэд сайдыг бий болгож байгаа нь тухайн яамыг эзэнгүйдүүлэхгүйн тулд хийж буй алхам.  Сайд эзгүй хойгуур тухайн яам эзэнгүйдэж,  өөр сайдад хариуцуулах шаардлага тулгардаг. Засгийн газрын хуралдаанд асуудал нь ороход өөр яамны сайд танилцуулах зэрэг бэрхшээл үүсдэг учраас дэд сайдын орон тоо бий болгох шаардлагатай гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Статистик, бүртгэлийн байгууллага хоёрыг салгаж байгаа нь зөв. Боловсрол дээр спортыг нэмж байгаа нь зөв. Үр дүнтэй. Өмнөх Засгийн газрын нэг алдаа нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Хөдөлмөрийн яаманд аваачиж өгсөн явдал. Улс орнуудын туршлагыг харахад хөдөлмөрийн ур чадвар эзэмшүүлэхийн тулд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд байдаг болохоос биш манайх шиг ийм байдлаар харьяалагддаггүй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Цаашдаа нийт улсын эрх ашигт нийцсэн Засгийн газрын бүтцийг Үндсэн хууль болон органик хуулийн хүрээнд өөрчилж, бий болгож чадах уу. Өмнөх Засгийн газрын үед хэн нэг хүнд таацуулан албан тушаал бий болгож байсан. Төрийн үйлчилгээг аж ахуйн нэгжүүдэд үзүүлсний төлөө төлбөр авч, үр ашиггүй зарцуулдаг агентлаг бий. Үүнийг өөрчлөхөд юу хийх вэ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Цаашдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө тодорхой болгоод Үндсэн хуульдаа тусгаад өгчихвөл илүү үр дүнтэй болох магадлалтай. Засгийн газар, УИХ-ын зүгээс эл асуудлыг хамтдаа судалж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Төрийн алба цомхон чадварлаг болох ёстой.

Төрийн албыг мэргэшсэн чадварлаг болгоход анхаарч ажиллана.