“Оюуны өмчийн газар”-ыг дахин байгууллаа
УИХ-ын гишүүн Н.Учрал Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг санаачлан боловсруулж, УИХ-аар 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан.
Ингэхдээ оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал, өндөр технологи, үндэсний инновацын тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудлуудыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяалалд шилжүүлж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүргийн хувьд ялгаатай Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж өөрчлөн байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хууль батлагдсантай холбоотойгоор засгийн газрын тогтоол гарч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Оюуны өмчийн газрыг 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хэлбэрээр дахин байгууллаа.
Оюуны өмчийн газар нь:
- 1945 оноос Улсын төлөвлөлтийн газарт Шинэ санаачлагын улсын комисс
- 1960 оноос Улсын стандартын төв газарт Шинэ бүтээлийн хэлтэс
- 1971 оноос Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны Шинэ бүтээл, оновчтой саналын хэлтэс
- 1990 оноос Үндэсний хөгжлийн яамны дэргэд Патент, барааны тэмдгийн газар
- 1993 оноос Соёлын яамны дэргэд Зохиогчийн эрхийн газар
- 1996 оноос Зохиогчийн эрхийн газар, Патентийн газруудыг нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар
- 2016 оноос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
- 2018 оноос Оюуны өмчийн газар
Монгол Улсад 1963 оноос өнөөг хүртэл:
- Шинэ бүтээлийн 4600 патент,
- Ашигтай загварын 2792 гэрчилгээ,
- Бүтээгдэхүүний загварын 2711 патент олгогдсон төдийгүй
- Үндэсний мэдүүлгээр 17740,
- Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр, Протоколын дагуу 40000 барааны тэмдэг,
- Зохиогчийн эрхийн 9300 бүтээл бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал
“Оюуны өмчийн газрын чиг үүргийнх нь хувьд ажиллуулж, тусгай байгууллага болгох нь Монгол Улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх олон улсын тавцан дээрх нэр хүнд өсөх, үүсч болох хүндрэлүүдээс сэргийлэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм.”
Ц.Соёлмаа