давхар дээлийг дан дээл болгох хуулийн төсөл
2014.02.07

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж байгаа нь буруу

Эрх ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу давхар дээлийг дан дээл болгох  хуулийн төслийн санал хураалтад сайд гишүүний ажлыг хавсран гүйцэтгэгчид орох боломжгүй.

Гэвч эрх баригчид өөрсдөдөө ашигтай хувилбараар хуулийг тайлбарлаж сууна. Монгол улсын Ерөнхийлөгч гишүүн, сайдын албыг солихгүй бол Парламентын засаглалын дээр засгийн газар гарч өөрт ашигтай шийдвэрээ саадгүй баталж байгааг шүүмжилсэн юм. Гэвч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр Ардчилсан намын бүлэг завсарлага авч хаврын чуулган руу шилжүүллээ.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Манай засагт хоёр зүйл буруу байгаа. УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж байгаа нь буруу байна. Мөн зээлд дуртай байгаа нь буруу байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хэрвээ ухаалаг төрийг бүтээе гэж байгаа бол, чин сэтгэлээсээ хийе гэж бодож байгаа бол бид нар нэн тэргүүнд УИХ-ын гишүүн ажлаа хийх гэж байгаа хүний дундуур орж байгааг зогсоох хэрэгтэй. Засгийн газрынхан дунд нь орж хутгалдчихаад хариуцлага хяналтын тогтолцоог сулруулж байгаагаас татгалзах ёстой. Үүнийг 2016 он гэж хүлээх ёсгүй. Гарсан өдрөөсөө хэрэгжүүлэх ёстой гэж бие даагчдын зөвлөл үзэж байгаа. Хэрвээ тунгалаг төртэй байхыг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол нам сонгохыг болиулах ёстой. Намын нэрийн цаана ард түмний итгэлийг алдсан олон хүмүүс сууж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Нэг минутын өмнө ч гэсэн энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Манай сайд нар сайдын алба уу, гишүүний алба уу гэдгээ сонгож болохоор байгаа. Үнэхээр Ардчилалын төлөө яаж явдагаа харуулах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Монгол төр хамгийн томорсон үедээ ирсэн гэж бодож байна.  Засгийн газарт 19 яам, 19 сайдтай энэ бол гурван сая хүн амтай Монгол улсад асар их тоо гэж би бодож байна. Есөн яамтай байхад л болно. Есөн яамтай ажиллаж байсан түүх бий. Мөн засаг төрд ажиллаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан садангаа төрд ажиллуулах зүйл ажиглагдаж байна. Монгол төр цомхон байх ёстой. Хууль батлагдан алх тогшсон мөчөөс л хэрэгжих хэрэгтэй.

Энэ парламент Давхар дээлээс татгалзаж чадвал Монгол улсын төрийн төлөвшилд үнэтэй хувь нэмэр болох нь гарцаагүй юм.