“Давхар дээл”-ийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хууль яг одоо орж ирж байгааг би зарчмын хувьд дэмжихгүй байгаа. Дөрөвхөн сайдыг тусгайлан гаргаж ирээд байна. Яагаад зөвхөн дөрвийг гэж ойлгохгүй байна. Ирээдүйд ялах гээд байгаа юм уу? Батлан хамгаалах бодлого чинь Хууль зүйн яамнаас ч илүү байдаг биз дээ. Ерөнхий сайдыг орлодог хүн чинь Шадар сайд биз дээ. “Шударга ёс”-оос томилж байгаа болохоор оруулахгүй байгаа юм уу. Энэ дөрвөөс бусад нь сонгуульд өрсөлдөхгүй, намдаа мөнгө өгөөд сайд болно гэсэн юм гаргаж ирэх гээд байна шүү дээ. Давхар дээлгүй сайдтай больё гээд МАН жагсаад байсан. Дараа нь хамтарсан засаг байгуулсан чинь давхар дээлтэй болчихоо биз дээ. Хоёрт, парламентын засаглалтай юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай юм уу энэ улс чинь. Дээр дурдсан яамдыг яагаад оруулдаггүй юм бэ?
УИХ-ын гишүүн Л.Болд “1990 оноос өмнөх уламжлалаар ямар яамд гол яамдад багтаж байсан юм бэ. Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүн давхар хийж болно гэдгийн цаана аль ч Засгийн газарт хөдлөшгүй байх ёстой яамдуудыг зааж өгмөөр байгаа юм шиг байгаа юм. Жишээ нь, Соёлын яам, Батлан хамгаалахын сайд зайлшгүй баймаар байгаа юм. Энд мэргэжлийн хүн гэх шаардлага тавих шаардлагагүй. Дээр нь Байгаль орчны сайдын үүрэг аль цаг үед байх ёстой. Энэ бодлогыг багтааж байна уу?
УИХ-ын гишүүн Х.Оюунхорол:
-Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг өмнө нь ярьж байсан. Өнөөдөр ч орж ирсэн байна. Тогтвортой хөгжлийн тулгуур бодлогоосоо яагаад ухраад байна. Бид ганцхан уул уурхайгаас хараат байна. Зүүнээс болоод байгаль орчин хэрхэн дордож байгааг бид харж байгаа. Монголын ард түмэн бүгдээрээ энэ асуудалд анхаарлаа хандуулж, газар нутгаа аятайхан байлгаж, алдчихгүй юмсан гэж боддог. Монголчууд хамгийн ногоон бодлого барьж ирсэн улс. Тийм ч учраас Байгаль орчны яамыг зэрэгцүүлж авч үлдээчээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Давхар дээлтэй гишүүнийхээ хувьд бодож байна. Ер нь аль ч салбарыг мэргэжилтнүүд нь авч явах нь зөв. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүдийг засагт оруулахыг цөөлөх нь зөв. Тийм учраас хуулийн төслийг дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Сонгуулийн өмнө энэ асуудлыг оруулж ирж байгааг дэмжиж байна. Яагаад гэвэл дараагийн байгуулах Засгийн газрын үед энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй. Гэхдээ тооноос гадна чанарын асуудал яригдах хэрэгтэй. Парламентын засаглалтай оронд байдаггүй гажуудал манайд байна. Парламент сайд нарыг томилдог. Бусад оронд Ерөнхий сайд нь сайдаа томилдог. Засаглалаа сайжруулахгүй бол мөнгө авдаг асуудал дуусахгүй. Нэг ерөнхий сайдад өгдөг хариуцлагыг 76 хүнд хуваагаад өгчихсөн учраас асуудал сайжрахгүй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг яагаад хойшоо татаад байгаа юм бэ. Дараагийн парламентын хариуцлагыг сайжруулахын тулд энийг өөрчлөх хэрэгтэй. Бид засаглалаа засмаар байна. Энэ хуулийг батлах нь зөв. Гэхдээ энэ тооны шийдэл биш болохоор чанарын шийдэл биш.