2017.10.18

Д.Гантулга гишүүн зүүн аймгийн шүлхий өвчний тархалт дээр онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ

Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг томилох үед УИХ-ын гишүүн Д.Гантулга Улсын онцгой коммисын ажилтай нь холбогдуулан санал хэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга:

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ эмхлэгдэж байгаад баяртай байна. Энэ жил өвөл их хүндрэх бололтой. Зүүн дөрвөн аймгаас авч ачсан машин наашаа цувж байна. Малаа туусан малчид Зүүн гурван аймаг руу бас явж байна. Онцгой комиссын даргын хувьд Шадар сайдад нэр дэвшигч Энхтүвшин даргад хэлэх санал байна. Хэнтий аймагт сүүлийн хэдэн сар шүлхий гэдэг өвчин тасарсангүй. Онцгой комиссынхон юу гэж хэлдэг вэ? гэхээр зүүн зүгээс ирж байгаа өвсний цуваа тасрахгүй бол, зүүн зүг рүү явж байгаа малчдын туувар зогсохгүй бол шүлхий улам дэлгэрнэ л гэж байгаа. Энэ цуваануудыг зогсооно гэдэг хэцүү. Гэхдээ танаас хүсье. Шүлхийн вакцин, ариутгалын бодисыг нэн яаралтай шийдэж өгөөрэй. Ингэхгүй бол зүүн гурван аймгийн бүх нутгаар тархах онцгой нөхцөл байдал үүсэж байгаа шүү гэдгийг хэлье.

Сүүлийн үед сошиал мэдээлэл дээр тулгуурлаж засаг төр ажлаа явуулдаг болж байна. Ийм өнцөг битгий байгаасай гэж Ерөнхий сайдад хэлмээр байна. Хүүхдийн эрхийн асуудал бол өргөн хүрээтэй асуудал. Сүүлийн хоёр жил орчин Хүүхдийн үндэсний зөвлөл нэг ч удаа хуралдаагүй ээ. Үүнийг Ерөнхий сайд тэргүүлж ажилладаг.