Давхар дээлийг дан болгох төслийг долдугаар сарын 1-нээс мөрдөх ёстой гэв
МАНын бүлгийн ахлагч С.Бямбацогт,
2014.01.21

Давхар дээлийг дан болгох төслийг долдугаар сарын 1-нээс мөрдөх ёстой гэв

Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг ийм “засвар” хийх байр суурьтай байгаа аж.

Төсөлд Ерөнхий сайдаас бусад сайдыг “гаднаас” сонгохоор тусгасан юм. Гол агуулгыг нь тэд дэмжиж байгаа ч 2016 оноос биш, энэ оны долдугаар сараас мөрдөх ёстой гэж үзжээ. Энэ талаар МАНын бүлгийн ахлагч С.Бямбацогт, гишүүн Д.Оюунхорол нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Д.Оюунхорол “Том төрөөс ухаалаг төр рүү явахын тулд УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалт алдагдсаныг засах ёстой. Шинэчлэлийн Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гиш үүн байна. Мөн уг хуулийг УИХ-аар хэлэлцэж, санал хураахад сайд-гишүүд оролцохг үй байх ёстой. Тэдний хувьд энэ асуудал ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ.

Хуулийг батлаад долдугаар сараас мөрдөх юм бол АН асуудлаа дотроо шийдэх учиртай. Сайд гишүүд нь аль албан тушаалыг сонгох шийдвэрээ гаргаж, нөхөн сонгууль болох эсэх нь шийдэгдэнэ. АН-д сайд хийгээд явах чадвартай боловсон хүчин олон, зохицуулж болох асуудал учраас хэрэгжүүлэх хугацааг наашлуулах нь зөв гэж бид ярилцсан” гэлээ.

Мөн энэ долоо хоногт Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Уг төсөлд малчдад бэлчээр, мөн хаваржаа болон газар тариалангийн талбайг өмчлүүлэх талаар тусгасан байна. Түүнчлэн хот суурин газарт гадаадын иргэдэд 50 хүртэлх жилээр газар өмчлүүлэх эрх олгохоор оруулсан аж. Өмчлөх эрхийн хугацааг нэг удаа 50 жилээр сунгах гэнэ. Чухал асуудал учраас үүнийг иргэдээр хэлэлцүүлж, саналыг нь сонсож байж шийдэх нь зөв хэмээн МАНынхан үзжээ.

С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-МАН-ыг эрх барьж байх үед ч УИХ-ын гишүүд сайд хийж байсан. Энэ асуудлыг яагаад эрх барьж байхдаа хөндөөгүй юм бэ?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг Ардчилсан холбоо эвсэл эрх барьж байхдаа буюу 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж тусгасан. 2000-2004 онд МАН дангаараа эрх барьж байхдаа Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг л УИХ дотроос сонгох хязгаарлалт баримталсан.

-УИХ-ын сонгуулиар Парламентад суудал авч чадаагүй намуудыг татан буулгах санал АН-ын бүлэг дээр гарсан. Энэ талаар танайх ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулиар олгосон эрхийг нь ийм замаар зөрчихийг дэмжихгүй.