Давхар дээл тайлах талаар АН, МАН өөр өөр байр суурьтай байна
Монгол улсын Ерөнхийлөгчөөс Засгийн Газрын тухай хуулийг өргөн мэдүүлсэн билээ. УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцлээ. Асуудлын гол нь УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж болох уу үгүй юу гэдэгт оршиж байна. Уг асуудлаар АН, МАН-ын бүлгүүд өөр өөр байртай суурьтай байна.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
Том төрөөс ухаалаг төр лүү шилжих ажлыг заавал 2016 оны 7 дугаар сарын нэгнээс биш 2014 онд буюу эртхэн хийвэл зүйтэй гэж үзэж байна. Энэ оны 7 дугаар сараас давхар дээлээ тайлж, дан дээлтэй болъё гэсэн уриалгыг МАН-ын бүлгээс гаргаж, байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.
2000 онд Ардчилсан Эвсэл төрийн эрх барьж байхдаа Үндсэн Хуулинд долоон өөрчлөлт оруулж дордуулсан. Давхар дээлийг тайлах тухай 2008 оноос эхэлж яригдсан.
УИХ-ын гишүүн М.Энхболд:
Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүн байх тоо нь өөр байх ёстой гэж АН-ын бүлгийн дарга ярьж байна. Засгийн Газар, УИХ-ын ажлын чанар, хариуцлага, хяналтыг сайжруулъя гэж бид давхар дээл тайлах тухай ярьж эхэлсэн. Д.Эрдэнэбат гишүүн тухайн хүний ажлын ачаалал даах чадварыг харгалзалгүй, ямар нэгэн хүнд албан тушаал олгохыг хичээгээд байх шиг. Энэ нь Ерөнхийлөгчийн санал болгосон хуулийн үндсэн санаатай зөрчилдөж байна.
Ийнхүү МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүн байж огт болохгүй гэсэн байр суурьтай байна. Гэтэл давхар дээл арав гаруй жилийн өмнө бий болсон бөгөөд өмнөх засгийн газрууд ч ийм байдалтай ажилласаар ирсэн. Өөрөөр хэлбэл өнөөдрийн сөрөг хүчин бас л давхар дээлтэй байж хяналт, хариуцлага муутай ажилласан гэдгээ эдүгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.
М.Энхболд 2006-2007 онд Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэр үед 17 сайдын 15 нь давхар дээлтэй ажиллаж байсныг хэлэх хэрэгтэй.
Давхар дээл гэдэг нэр томъёо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гаралтай. Давхар дээлний асуудлыг УИХ-ын байнгын хорооны хурлаар авч хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Үндсэн хуулинд заасан зарчмаа хэрэгжүүлье гэсэн байр суурийг л бид илэрхийлж байна. Гэтэл эрх баригчид 2016 оныг хүртэл ухаалаг бус, данхайсан том төртэй байя гэсэн зүйл яриад албан тушаалтайгаа зууралдаад байна.