“Ажлын байр - Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2019.11.19

“Ажлын байр - Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос Европын холбоо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Ажлын байр - Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.11.19) Төрийн ордонд зохион байгуулж байна.

Нийгэмд эерэг хандлагыг түгээх, зохих хууль, журамд өөрчлөлт оруулах зорилготой энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг, А.Ундраа, Н.Амарзаяа, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хуульч, судлаач, хүний эрхийг хамгаалагчид, иргэдийн төлөөлөл оролцож байгаа юм.

"Иргэдээ ажилтай, орлоготой амьдрах нөхцөл, бололцоогоор хангах, хүн бүрийг хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлалаас ангид, эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх нь хөгжил дэвшлийн үндэс байдаг. Нийгмийн хамгийн сайн халамж бол иргэддээ ажлын байр олгох хэмээх үзэл баримтлал бол бидний тууштай баримтлах, дэмжих зарчим мөн.

Гэтэл 86 төрлийн халамжид 800 орчим тэрбум төгрөг зарцуулдаг нь буруу тогтолцоо үйлчилж байгаа буюу хөдөлмөрийг биш халамжийг шүтэх иргэдийн хандлагыг нэмэгдүүлж байна. Монгол Улсад нийт хөдөлмөрийн насны 1,3 сая орчим хүн байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 886 мянган иргэн байгаа.

Харин 17,800 иргэн сайн дурын даатгалын шимтгэл төлдөг гэж бодохоор хөдөлмөрийн оролцооны хувь туйлын хангалтгүй байна. Монголд хөдөлмөрийн насны 10 хүн тутмын 6 нь ажил эрхэлдэг байхад хөрш орнуудад 10 хүн тутмын 8-9 нь ажил эрхэлдэг. 1924 оноос хойш үе үеийн Үндсэн хуулийг батлахдаа иргэдийнхээ эрх тэгш хөдөлмөрлөх эрхийг тунхаглаж, салбар хуулиудаар нарийвчлан зохицуулсаар иржээ.

1930 онд Хөдөлмөрийн тухай хууль батлагдаснаас хойш өнөөдрийг хүртэл 6 удаа шинэчлэгдсэн боловч 1999 оноос өнөөг хүртэл хугацаанд хөдөлмөрийн харилцааг зохицуулах ямар ч шинэчлэлийг хийгээгүй. Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг 2018 онд УИХ-д өргөн барьсан.

Хөдөлмөрийн тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж байгаа энэ цаг үед “Ажлын байр –Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг хийж байгаа нь чухал ач холбогдолтой “ гээд хэлэлцүүлгээс гарсан үр дүн дээрх хуулиудад тусгалаа олно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэлсэн үгэндээ онцоллоо.

Ажлын байранд иргэдэд олон хэлбэрийн дарамт, доромжлол, ялгаварлан гадуурхалт тулгардаг ч хамгийн ноцтой уршиг, үр дагавартай нь ажлын байран дахь бэлгийн дарамт болохыг олон судалгаанаас харж болно.

Монгол Улс 1981 онд “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцод нэгдэн орсон. Гэсэн ч дотоодын хууль тогтоомжуудаар эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахыг нэг мөр зохицуулаагүй явсныг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтөөр засахаар ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэллээ.

Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын эвслээс 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнийг хамруулан судалгаа авахад 79.6 хувь нь “ажлын байранд бэлгийн дарамт их байдаг” гэж мэдүүлжээ.

Ажлын байрны бэлгийн дарамтаас үүдэн эмэгтэйчүүд ажлаасаа гарах, гэр бүл салалт ихсэх, өрх толгойлсон эмэгтэйчүүд олшрох, иргэний нэр төр, алдар хүнд сэвтэх, архидалт, ядуурал даамжрах зэрэг олон сөрөг үзэгдэл гарч байна. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь ажил олгогч, ажилтны хооронд болдог гэдэг нь хэт өрөөсгөл төдийгүй энэ асуудал их, дээд сургуулийн багш, оюутны хооронд, эмч, өвчтөний хооронд гэх мэт олон хэлбэрээр оршдог байна.

Мөн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан хөдөлмөрийн харилцаан дахь ажлын байрны дарамтыг хэрхэн зохицуулах, ажил олгогч, ажилтан нарын эрхийг хэрхэн эрх тэгш хангах талаарх гол өөрчлөлтүүдийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.