Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч шилдэг байгууллагуудыг шалгарууллаа
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажиллаж шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус болзолт уралдааныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа юм.
Болзолт уралдаан нь аж ахуйн нэгж байгууллагуудыг жижиг, дунд, том гэсэн 3 ангилал тус бүрээр шалгаруулдаг. Ингэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр болон ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг эсэх, үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төсөвтөө
тусган зарцуулдаг, үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны нөхцөлд тодорхой ахиц дэвшил гарсан, ажилтан эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр ажилчид хангагдсан, үйлдвэрлэл, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэг, журам, соёл тогтсон байдал зэргийг харгалзан үздэг юм.
Өнөөдрийн шагнал гардуулах үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
С.Чинзориг сайд шилдгээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийг цаашид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тал дээр улам илүү анхаарч ажиллахыг хүслээ. Мөн салбарын яамны зүгээс энэ чиглэлийн хууль, дүрмийг улам боловсронгуй болгох тал дээр цаашид идэвх, санаачлагатай ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажилласан дараах аж ахуйн нэгжүүд шилдгээр шалгарч шагналаа гардаж авлаа.
Шилдэг том аж ахуйн нэгж байгууллага:
"ЦДҮС-ТӨХК" "ДЦС3-ТӨХК"
Шилдэг дунд аж ахуйн нэгж байгууллага:
"Платинум ланд" ХХК, “СС Mongolia” ХХК, "Транс-Трейд" ХХК
Шилдэг жижиг аж ахуйн нэгж байгууллага:
"Мед-Импекс" интернэшл, "Орхон аймаг 18-р цэцэрлэг" тус тус шалгарлаа.