"Хамтдаа хэлэлцье" аяны хүрээнд иргэдээс 30 мянга орчим санал ирүүлжээ
2019.10.11

"Хамтдаа хэлэлцье" аяны хүрээнд иргэдээс 30 мянга орчим санал ирүүлжээ

"Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-оос санаачлан орон даяар хэрэгжүүлсэн “ХАМТДАА ХЭЛЭЛЦЬЕ” аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг нэгтгэж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд  гардууллаа.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон даяар хэлэлцүүлэх  "ХАМТДАА ХЭЛЭЛЦЬЕ" аяныг "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны санаачлагаар 2019 оны гуравдугаар сарын 01-нээс зургадугаар сарын 01-нийг хүртэл гурван сарын хугацаанд амжилттай зохион байгуулжээ. 

"Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны ерөнхийлөгч С.Одонтуяа энэ тухай  "Гэр бүл нь нийгмийн үндсэн суурь нэгж. Энэ утгаараа гэр бүлийн харилцааг  зохицуулах хууль, тогтоомж хамгийн үнэ цэнэтэй хуулиудын нэг байх ёстой. Тиймээс ч  уг аяныг санаачилсан юм. Өнөөдөр гэр бүл салалт, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Иргэний хэргийн шүүхээр шийдүүлж байгаа 10 хэрэг тутмын  нэг нь гэр бүлийн тухай маргаан шийдвэрлүүлж, эцсийн хохирогч нь хүүхэд эмэгтэйчүүд болж байна. Түүнчлэн гэр бүл салалтын дараах өмчийн асуудал, хүүхдийн тэтгэмж тогтооход хуулийн нарийн зүйл заалт дутагддаг зэрэг энэхүү аяныг орон даяар зохион байгуулах  нийгмийн хэрэгцээ шаардлага байсан юм. Аяны хүрээнд охид, эмэгтэйчүүдээс маш олон санал ирүүлсэн. Тиймээс ч "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо" бүх саналыг  нэгтгэн дүгнэж, хуульд зайлшгүй тусгагдах шаардлагатай саналуудыг багцлан УИХ-д хүргүүлэх, улмаар хуулийг яаралтай батлуулах талаар ажилллаж эхлээд байна"  гэв. 

"ХАМТДАА ХЭЛЭЛЦЬЕ" аяны хүрээнд "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-нд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 30 орчим мянган санал ирүүлжээ. Саналыг нэгтгэхэд: 

  • Гэр бүлийн боловсролыг нас,  насны онцлогт тохируулан албан болон албан бусаар олгох, 
  • Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр “Хүүхдийн тэтгэлгийн сан”-г байгуулж,  хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн тэтгэлгийг насны ялгаваргүйгээр олгох, 
  • Гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон бусад хуулиудад оруулах, 
  • Гэр бүлийн асуудлаар дагнан мэргэшсэн шүүгч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн тоог нэмэгдүүлэн чадавхижуулах, 
  • Архины бусармаг хэрэглээнээс болж хүчирхийлэл, гэр бүл салалт их байгаад төр онцгой анхаарлаа хандуулах, 
  • Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн "...Гэр бүлийг төрөөс дэмжинэ...."  гэсэн хэт  ерөнхий заалт байгааг нарийвчлан, тодорхой болгож,  бодитоор дэмжих, 
  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг зогсоох шийдвэрээ цуцалж, хуулийг эргэн хэрэгжүүлэх шаардлагатай зарим нэмэлт үйлчилгээг оруулах, 
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг саналууд хамгийн түгээмэл байна.

Түүнчлэн “Хамтдаа хэлэлцье” аяны хүрээнд гар зургийн болон эссе бичлэгийн уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулжээ.  Энэхүү аяныг зохион байгуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Прокурорын газар, Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газар,  төрийн болон ТББ,  хуульч өмгөөлөгчид, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжин оролцсонд "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны удирдлагууд  талархлаа илэрхийллээ.