
О.Саранчулуун: Өдөр болгон бууж өгмөөр байсан ч зорилго, хүмүүсийн итгэл намайг босгосон
Арван гуравхан насандаа мориноос унан хөлөө гэмтээж, гэмтэл нь хорт хавдар болсноор хөлтэйгөө хамт хүсэл мөрөөдлийнхөө нэлээд хэсгийг алдсан юм. Гэвч өөрөө өөрийгөө ялж дэлхийн боловсролтой хөл нийлүүлж алхах, бусдын төлөө зүтгэх их үйл хэргийн эхлэлийг БУЯНТАЙ БУУРАЛ ЭМЭЭ нь тавьж өгчээ.
УИХ гишүүн О.Саранчулуун өнөөдрийн өндөрлөгт хүрэхийн тулд өдөр болгон бууж өгмөөр санагдах өдрүүд байсан ч, хорт хавдраа даван туулж, гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн холдсон, авто ослоор эрхэм найзыгаа алдаж, хүүгийнхээ хэлдгээр УГСАРДАГ ХҮН болсон ч ямар ЗОРИЛГО түүнийг босгож чадсан талаарх БАЯР, ГУНИГТАЙ зүрх эмтрэм, сэтгэл догдлом түүхийг уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна.
-Баярлалаа. Байдгаараа бэлдсэн шүү \инээв\
-Манай ярилцлагын уламжлалт асуулт болох ижий аав, төрсөн нутаг усны талаар яриагаа эхэлье.
-Манай ээж Архангай аймгийнх. Өвөө минь Халх голын дайнд дайтаж явсан ахмад дайчин байсан. Аав минь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын гаралтай. Харин би Улаанбаатар хотод төрсөн. Багадаа л хоёр талын хамаатан саднуудтайгаа уулзаж байснаас сүүлийн үед уулзаагүй. Гэхдээ эмээ минь надад ээж аавынхаа нутаг усанд залбирч, шүтэж хайрлаж байх хэрэгтэй гэж захисан учраас сэтгэлд дотно хоёр газар байдаг нь ээж аавын минь төрсөн нутаг. Нөхрийнхөө аав ээжийн нутаг усыг бас тахин шүтэх ёстой гэж боддог учраас Говь-Алтай руу бас явдаг.
-Түүхийг нь судлаад үзэхэд шүлэг яруу найраг бичдэг байсан гэсэн. Хэрвээ хүүхэд насныхаа мөрөөдлөөр амьдарч байсан бол бүжигчин болох байсан болов уу? Хүүхэд насныхаа гэгээлэг ертөнцөөр эргэн аялах уу?
-Би 3-р ангид орохдоо Монголын уран зохиолын нэлээд ном уншсан байсан. “Тунгалаг тамир”, “Мандухай сэцэн хатан”, “Тооноор тольдох сүүлт од”, “Цагаан соёот” гэх мэт. Олон ном уншсаных юм уу уран зохиолын амтанд их орж, номоос олон зүйл сурсан. Тэр дундаа Дэвид Копперфильдийн номоос адал явдал хайгч, амьдралын төлөө тэмцдэг, урлагийн төлөө сэтгэлтэй дүрүүдийн тухай уншсан. Тэгээд 4-6-р ангидаа богино шүлгүүд зохиож эхэлсэн. Нэг их зузаан шүлгийн дэвтэртэй, бас дүүргийн “Хүрэл тулга” наадамд ордог байсан шүү дээ, нээрээ. Шүлгээ олон хүнд уншиж өгөхгүй эмээдээ л уншиж өгдөг. Эмээ минь ёстой гоё болж гээд алга ташаад л, миний улаан фен байлаа.
-Яриан дундаас нь сонсоход эмээгийн охин байсан бололтой.
– Би дүү нараасаа өөр аавтай. Эмээ намайг хойд аавтай байлгамааргүй байсан шиг байгаа юм. Тэгээд эмээтэйгээ өссөн.
Харин эмээ минь үргэлж “Хичээл номоо сайн хийх хэрэгтэй, хичээлээ сайн хийвэл хүн хөлтэй, хөлгүй байна уу хамаагүй бүх зүйлд хүрч болдог. Хүн хөлөөрөө биш толгойгоороо явдаг юм” гэж хэлдэг байсан.
-Амьдралд өөрийгөө ялахад эмээ тань суурь нь болж өгсөн юм уу гэж ойлгосон. “Хүн хөлөөрөө амьдардаггүй юм, хүн толгойгоороо амьдардаг” гэж эмээгийн тань хэлсэн үг танд их тод санагдаж байгаа байх.
-Би мориноос унаад, хүндрээд ясны хорт хавдар болж хөлөө тайруулсны дараа хүмүүс “Хиймэл хөл өөрийн хөл шиг харагддаг гэсэн, хийлгэчихвэл болно” гэдэг байсан нь одоо бодоход намайг аргаддаг байсан юм билээ. Харин эмээ минь үргэлж “Хичээл номоо сайн хийх хэрэгтэй, хичээлээ сайн хийвэл хүн хөлтэй, хөлгүй байна уу хамаагүй бүх зүйлд хүрч болдог. Хүн хөлөөрөө биш толгойгоороо явдаг юм” гэж хэлдэг байсан. Би тэр үед 13 настай, жаахан байлаа. Сургуульд байхдаа цэвэр бичгийн аварга, юу юуны ч аварга билээ маш их “Аварга”-ын улаан үнэмлэхтэй. Үнэмлэх авчхаад л эмээдээ үзүүлэхэд сайн байна, ахиад миний хүү сайн сур гэдэг байсан юм.
– 10 жилдээ манлайлагч сурагч байжээ.
-Яриангүй. Багш нарын хайртай, хичээлдээ их сайн, дуу шуутай, цоглог цовоо хүүхэд байсан.
– 13 настай үе таны хувьд амьдралдаа хүнд шийдвэр гаргасан хэцүү он жил байсан байх. Тэр үеийг хэрхэн яаж даван туулдаг байсан бэ? Эмзэг сэдвийг нь асууж байгаад уучлаарай.
– Энэ бол их эмзэг сэдэв л дээ. Хөл тайрна гэдгийг сонсоод хөлөө тайруулахгүй гээд ээж бид хоёр хамт уйлаад эмнэлгээс гараад явж байсан. Мэс заслын урдах өдөр хоёр хөлөө зэрэгцүүлж хараад энэ хөлөө оршуулах юм болов уу яах юм бол гэж бодоод л… Ерөөсөө нойр хүрэхгүй. Эмээ ээж хоёр минь тэр үед их л уйлж зовж байсныг нь сүүлд мэдсэн. Намайг харахад “Өө миний хүү өвчингүй болсон, одоо сайхан болчихлоо” л гэдэг байсан. Би юунд хамгийн айж эмзэглэж байсан гэхээр, хорт хавдар учраас мэс засал хийгээд дуусчихгүй химийн тариа хийлгэдэг. Тэгэхээр үсний уг сулраад үс унадаг. Нэг өглөө сэрсэн чинь дагз маань сэрүү оргиод байхаар нь гараа хүргээд үзсэн чинь үс биш арьс мэдрэгдсэн. Энэ юу болов оо гээд дэр лүүгээ харахад дэрний хонхорхой дээр үс маань үлдчихсэн байсан. Тэрийг харчхаад айгаад хашхирч байснаа санадаг.
Хүсэл мөрөөдлийн минь нэлээн хэсэг хөлтэй минь хамт миний биеээс салаад явсан.
-Бүжигчин болох мөрөөдөлтэй байсан охин нийгмийн ажилтны мэргэжлээр сурах болсон нь таны туулсан амьдралтай холбоотой байх.
-Яг үнэн. Би зөвхөн хөлөө алдаагүй. Хүсэл мөрөөдлийн минь нэлээн хэсэг хөлтэй минь хамт миний биеээс салаад явсан. Хоёр хөлтэй Сараагаас нэг хөлтэй Сараа болж амьдрахад итгэл найдвар өгч, хөл дээрээ явахад нь тусалдаг мэргэжилтэй хүн байх ёстой юм байна гэж бодоод нийгмийн ажилтан мэргэжлийг сонгосон.
-Өнөөдрийг хүртэлх таны амьдрал дардан байгаагүй. 3 удаа үхэлтэй нүүр тулсан гэж болохоор. Тэр бүхнийг даван туулахад өөрөөсөө маш их хүчийг гаргажээ. Та өөрийгөө ялж чаджээ.
-Хүүхэд байхад хавдар бол үхлийн өвчин байсан. Түүнийг даван туулахад эмээ минь, арван жилийн найзууд, багш нар минь тусалж, надад арилшгүй тод дархлаа үлдээсэн. Хүн хүүхэд байхдаа олж авсан дурсамжаараа “унаа хийж” амьдардаг юм байна. Миний сэтгэлд дандаа л “Чи чадна, чи хэнээс ч дутуу биш, чи үүнээс ч илүү сайн байж болно, чи хамгийн хөөрхөн” гэдэг дурсамжуудыг “Чи хөгийн новш, чи хамгийн муухай” гэдгээс илүү жинтэй үлдээсэн.
Хожим 35 настайдаа би маш аймаар авто осолд орсон. Энийг би хаана ч ярьж байгаагүй л дээ. Энэ ослоор миний эрхэм найз, надтай хамт гүйдэг байсан хөтөч минь нас барсан. Нэг айл хүүгээ алдаад, хүүхдийн аав, хүний нөхөр нас барсан байхад би амьд гарсан гээд ярих тохиромжгүй. Ослын үед хүзүү, гар, нуруу минь хугарч гэмтсэн. Тэр осол намайг марафонд дурлаад, идэвхтэй дасгал хийдэг болсны дараа тохиолдсон учраас гүйлтээр олж авсан тамир тэнхээ энэ гэмтлийн ард гарахад тусалсан. Энэ ослоос өөрийгөө буцааж олж авахад зорилго бас их чухал шүү дээ.
Хүн ялгаварлан гадуурхахад заавал үг хэрэггүй, харцаараа ч ялгаварлан гадуурхдаг.
-Таныг буцааж босгосон зорилго тань яг юу байсан бэ?
-Өөрөө хүүхэд байхдаа маш хэцүү байдлыг, маш их ялгаварлан гадуурхалтыг мэдэрсэн. Хүн ялгаварлан гадуурхахад заавал үг хэрэггүй, харцаараа ч ялгаварлан гадуурхдаг. Нэг муухай хараад, нэг хялалзахад л тэр чинь гадуурхалт шүү дээ. Тийм зүйлийг мэдэрч өссөн учраас яагаад ч юм надтай адилхан, надаас ч хэцүү байгаа хүмүүст туслах л ёстой гэсэн бодол алга болдоггүй. Би хөл дээрээ босчихвол бусад хүмүүс намайг хараад “Би ч гэсэн болох юм байна” гэдэг бодол төрдөг гэдгийг мэддэг учраас заавал босно гээд л …
Тэр үед би нөхөртэй, хүүхэдтэй болсон байсан. Айлын эмэгтэй хүн нураад уначихвал амьдрал нурна шүү дээ. Хүүхдэдээ бас үлгэр жишээ байх ёстой гэдэг бодол нөлөөлсөн.
-Ээж болсон мэдрэмжийг эргэн дурсвал…
-Ээж болсон мэдрэмж бол үгээр хэлшгүй. Би хүүхэд байхаасаа химийн тариа хийлгэсэн, биеийн бүтцээсээ болоод зүгээр төрж чадахгүй. Маш олон эмчийн хяналт, заавраар цоо эрүүл, чийрэг, үзэсгэлэнтэй хүүгээ төрүүлсэн.
Еврейчүүдийн тэр тэтгэлгээс англи хэлийг сурсан, намайг бас гэр бүлийн хүчирхийллээс аварсан. Тэр тэтгэлэгт яваагүй байсан бол би хаана явах байснаа мэдэхгүй байна.
– Тэтгэлэгт хамрагдаж сурч байсан тухайгаа.
– 2019 онд Ажиа гэгээнтэй танилцаад “Зөв тэтгэлэг сан”-г үүсгэн байгуулалцаж, загвар моделийг нь гаргасан. Тэтгэлэг ийм байвал зөв гэсэн загвараар хийсэн. Ажиа багш “Чи мэргэжлийн хүн юм чинь өөрөө мэдээд хийчих ээ” гэдэг байсан. Тэгэх тусам нь айдастай, алдаагүй хийхгүй бол болохгүй гэж боддог. Манай “Зөв тэтгэлэг сан”-г 120 гаруй хүүхэд төгссөн.
Би өөрөө тэтгэлгийн бүтээгдэхүүн. Би Израилд Нийгмийн эрүүл мэндийн магистраа хамгаалахын тулд 2 жил дараалан тэтгэлэгт материалаа өгсөн. Өөрийнхөө яг тэр үеийн англи хэлээрээ, нэг найзаасаа тусламж аваад бэлдсэн. Еврейчүүдийн тэр тэтгэлгээс англи хэлийг сурсан, намайг бас гэр бүлийн хүчирхийллээс аварсан. Тэр тэтгэлэгт яваагүй байсан бол би хаана явах байснаа мэдэхгүй байна.
Их сургуулийн 3-р курсээс би нэг залуутай үерхээд хамтран амьдарсан 4 жилийн хугацаанд нэлээн их зүйл туулсан, их л олон удаа гэмтлийн эмнэлэг рүү явж, цагдаа дуудсан. Ларьдма кино шиг… Тэр бол сэтгэл зүрхний хувьд хагархай, гэмтэлтэй хэцүү өссөн, тэрийгээ ойлгож чадаагүй архи дарсанд орсон залуу байсан. Гэхдээ уул нь тэр хүний нэг хэсэг намайг дэмжчих юм сан, хайрлачих юм сан гээд явж байсан юм. Надад тэр үед очих газар байгаагүй л дээ, эмээ маань нас барчихсан. Ээж минь тэнд хүнд амьдарч байхад би нялх нойтон хүүхэдтэй эмэгтэй дээр очоод зовоогоод байх хэцүү.
Израилын тэтгэлэгт тэнцэнгүүтээ нэг тал нь хөхөрсөн нүдтэй галт тэргэнд суугаад л явсан. Очоод 2 хоног тайван унтаж байгаад хичээлдээ орсон.
Дараа нь би Соросын сангийн тэтгэлгээр АНУ-ын Колумбын их сургуульд нэг жил сурсан. Мөн Европын холбооны тэтгэлгээр Италид докторын ажлаа хийсэн. Энэ олон тэтгэлгүүд намайг өндөр боловсролтой болоход, амьдралынхаа хүнд хэцүү үед өөрийгөө татаж авахад тусалсан.
Хүчирхийлэлд байгаа хүн нөгөө хүнээ хорвоо дээр түүнээс илүү аймаар юм байхгүй гэж боддог. Тэр үед хүн гарах гарцаа ч олж хардаггүй.
-3 удаагийн үхлийн аюулаас мултарчээ. Магадгүй таны туулж өнгөрүүлсэн амьдралыг туулж яваа, хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхдүүдийн төлөө ажиллах хувь тавилан байгаа юм аа даа.
-Би юунд итгэж байсан гэхээр… Хүн нэгнийгээ зодох ёсгүй, зовоох ёсгүй. Өндөр боловсролтой байх юм бол үүний ард гарна. Боловсролтой байвал аяндаа мөнгийг олно. Ямар ч аргаар хамаагүй энэ циклээс гарах ёстой гэдэг зорилготой байсан. Багийн найз маань намайг “Чи яаж ийж байгаад яв” гээд тусалж дэмжсээр байгаад Израил явахад их тусалсан. Замын зардлаа олохын тулд орон нутгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгааны дата цуглуулаад, хөл цэврүүттэл явсан. Судалгааны ажлаас Бээжингээс Тель-Авив нисэх зардлаа олсон. Израилд очоод нэг жил болсны дараа миний цээжинд байдаг айдас алга болж эхлээд, цаанаасаа маш их зоригтой болж эхэлсэн. Яагаад гэвэл би гадаадын топ их сургуульд мастер хамгаалаад эрдмийн зэрэгтэй болчихлоо, англи хэлтэй болчихлоо. Үүний дараа нөгөө залуутай уулзахад би айгаагүй, өмнө нь бол хорвоо дээр тэрнээс илүү аймшигтай хүн байхгүй юм шиг санагддаг байсан. Хүчирхийлэлд байгаа хүн нөгөө хүнээ хорвоо дээр түүнээс илүү аймаар юм байхгүй гэж боддог. Тэр үед хүн гарах гарцаа ч олж хардаггүй. Миний хажууд сахиусан тэнгэр шиг найз байсан. Би нийгмийн ажлын чиглэлээр суралцчихсан, оюутнууддаа онолын хувьд заадаг хэрнээ яагаад ийм амьдралд байх ёстой билээ гэх бодол бас намайг татаж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал нь боловсрол байгаа юм.
-Тухайн үеүдэд эмээгээ л их үгүйлдэг байсан байх…
-Хүүхэд насны дулаан мэдрэмжээр бас л хол явна шүү дээ. Магадгүй эмээ минь миний хамтран амьдарч байсан хүнийг хараад “Миний хүү энэ хүн болохгүй юм байна аа” гээд хэлээд өгсөн бол, хэн нэгэн хэлсэн бол би өөрийгөө татаад гаргах байсан… Гэтэл хэн ч надад тэгж хэлэхгүй, хөгжлийн бэрхшээлтэй, ядарсан юм чинь хүн тоосон нь их юм гэж хандахаар…
Хүн ирээдүйд хүрэх гэж байгаа үр дүнгээ төсөөлчихөөр урагшаа явдаг юм шиг санагддаг.
-Ямар цаг мөчийг эмээдээ харуулах байсан гэж бодож байсан бэ?
-Сая докторын зэрэг хамгаалахдаа хэлсэн үгээ эмээдээ зориулж 3 жил бичсэн юм. Тэрийг ярьж болохгүй, их эмзэг сэдэв. Будаг маань урсана \инээв\. Байнга ихэр татаж үгээ хэлж дуусгасан. 8 жилийн өмнөөс энэ эрдмийн ажлыг эмээгийнхээ дурсгалд зориулж ахмад настны аз жаргалын тухай сэдэв сонгосон юм. Хүн ирээдүйд хүрэх гэж байгаа үр дүнгээ төсөөлчихөөр урагшаа явдаг юм шиг санагддаг.
-Эрүүл мэндийн салбарт 17 жил ажиллаж байгаа. Цаашдаа ч бас ажилласаар байна байх.
-Нэг талд гэр бүлийн хүчирхийлэлд байгаа хэр нь нөгөө талд онц сурахаа хаяагүй. 7 хоногт 2, 3 удаа хүчирхийлэл болно, тэгэхэд уйлаад л хичээлээ хийдэг, онц сурдаг байсан. Гэхдээ өглөө 8 цагаас ордог нэг хичээлдээ дандаа хоцорчихдог. Бусад хичээл дээрээ онц гарчхаад тэр хичээл дээр уначихдаг байхгүй юу. 3-р курс байсан юм. Тэгээд Мөнхбаатар гэж тэр хичээлийн багшдаа “Би уг нь онц сурдаг байхгүй юу. Гэхдээ таны хичээл дээр бүтэлгүйтчихлээ. Би энийгээ нөхөөд үнэхээр юм ойлгосон, сурсан мэдсэнээ харуулмаар байна. Юу хийх вэ” гэтэл “Чи тийм лаг юм бол АШУҮС дээр оюутны эрдэм шинжилгээний хурал болно, тэнд орчих” гэсэн. Илтгэлээ тавиад хоёрдугаар байранд орсон. Тэгэхэд Дамдинжав гэж настай багш намайг дуудаад “За хүү минь. Төгсөөд яах гэж байна” гэхээр нь 3-р курсийн нөгөө онгироо охин чинь “Өө мэдэхгүй байна” гэхэд сургуулиа төгсөхөөрөө манай сургуульд ирж багшилж болно, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэдэг тэнхим байгуулж, чиний яриад байгаа сэдвээр мэргэжилтэн бэлтгэх гэж байгаа гээд миний утсыг аваад, “За нөхөр минь чи зар харж байгаад шалгалтыг нь өгөөд тэнцээд орж ирээрэй” гэсэн. Тэгээд сургуулиа төгсөөд шалгалтыг нь өгөөд АШУҮС-д орсон чинь магистрын зэрэгтэй байх ёстой гээд цагийн багшаар 2 жил ажилласан.
Нэг талд амьдрал нураад ангалд байгаа атлаа нөгөө талд намайг нэг зүйл татаж гаргаж ирээд байгаа юм.
Хамгийн анх 2005 онд цагийн багшаар ирэхэд тэнхимийн эрхлэгч маань намайг энэ анги руу яваад очоорой гээд. Очсон чинь оюутнууд нь шинэ хүүхэд ирлээ, шинэ хүүхэд ирлээ гээд. Би ичээд л, нүүр халуу оргиод. Тэгэхээр нь овор нэмэх гэж пиджак өмсөөд л их хичээдэг байсан. Оюутнуудтайгаа байгууллагаар орж, гадуур их явна. Тэгэхэд хүмүүс багш нь хаана байгаа юм гэж байнга асуудаг байсан \инээв\
Гэхдээ цалин нь бага учраас санхүүгийн чадал талаасаа хүчирхийллийн тойргоосоо гарч чадахгүй л байсан. Оюутнууддаа би гэр бүлийн амьдрал, хүчирхийллийн асуудлыг маш их ярьж байхдаа өөрөө тийм юм үүрээд зогсож байсан жилүүд байсан. Би АШУҮИС-д Эрүүл мэндийн нийгмийн ажилтан тэнхимийг үүсгэн байгуулахад байсан анхны багш. Одоо эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлийн 300 гаруй шавь нар бий.
АШУҮС-д жинхэнэ багш болж байгаа нь намайг Израилд сурах үүд хаалга болж байгаа юм. Нэг талд амьдрал нураад ангалд байгаа атлаа нөгөө талд намайг нэг зүйл татаж гаргаж ирээд байгаа юм.
Би энийг сэтгэлээ дүүртэл хийжээ гэж… Сэтгэл цадах гэж нэг гоё юм байна.
Израилд сураад буцаад АШУҮС-д ирэхэд гадаадад сайн их сургуульд сурсан бол еврогийн нэмэгдэл авдаг төсөл хөтөлбөрүүд нэмэгдчихсэн байсан. Ирээд ээжтэйгээ уулзахад нар сар гэрэлтсэн гэрт олон нялх хүүхэдтэй, нөхөр нь нас барчихсан амьдарч байсан. Цалингаараа ээждээ шинэ гэр авч байсан.
Хийж байгаа энэ нийгмийн ажил чинь эргээд харахад та нарт урт хугацаандаа үр нөлөө үлдээсэн байх ёстой гэж хэлэх дуртай. Тэгээд яах юм, дараа нь яах юм гээд байнга асуух… Хүн дандаа оюутан байхгүй. Өөрийн хийсэн зүйлдээ цадах ёстой. Би энийг сэтгэлээ дүүртэл хийжээ гэж… Сэтгэл цадах гэж нэг гоё юм байна.
-8 жилийн өмнөх мөрөөдөл тань тив дэлхийг тойрон гүйх гэж байсан.
-Дэлхийн бүх орноор тойрч гүйх мөрөөдөл минь хэвээрээ байгаа. Берлинд гүйсэн, Нью-Йоркт 3 гүйчихсэн.
Нэг удаа нойл орох гээд ээжийгээ босгоорой гэсэн чинь шууд уяагаа татсанаа, “Өө яана аа угсрахаа мартчихжээ” гэсэн.
-Амьдралын төлөө тууштай тэмцэгч бүсгүй гэж хэлж болохоор байна. Гэхдээ бууж өгмөөр үеүдээ хэрхэн даван туулсан бэ?
-Осолд орсны дараа хүзүү маань 2 газар, нуруу маань 5 газраа хугарсан болохоор хэвтэхээрээ босож чадахгүй, босохоороо сууж чадахгүй байсан. Тэгэхэд миний хүү 5 настай байсан. Намайг татаж босгохын тулд эхлээд хүзүүний бэхэлгээ, хэвтэж байхад нурууны бэхэлгээ, дараа нь хөлийн бэхэлгээ гээд нийтдээ 3 юм хийж байж босдог. Нэг удаа нойл орох гээд ээжийгээ босгоорой гэсэн чинь шууд уяагаа татсанаа, “Өө яана аа угсрахаа мартчихжээ” гэсэн. Хөөх би хүүхдийнхээ нүдэнд ёстой аймаар юм үзүүлж байна даа. Тэгэхээр би босох хэрэгтэй, босохгүй бол болохгүй юм байна гэсэн бодол төрсөн.
Бас нэг юм нь… Италид докторт сурах байсан юм. Осолд орчхоод нүднээс өөр юм хөдлөхгүй хэвтэж байхдаа профессор луугаа яриад “Та Монголоос өөр хүн авчих аа, би осолд ороод хэвтэрт орчихлоо, хэзээ босохоо мэдэхгүй байна” гэхэд Италийн багш маань “Бид чамайг солихгүй ээ, чамтай л ажиллана. Бид нар чамд хайртай болчихсон. We loved you. Чи хэзээ хөл дээрээ босно, тэр үедээ хүрээд ир” гэсэн. Хэзээ босохоо мэдэхгүй байгаа хүнд тэгж хэлнэ гэдэг ямар их итгэл найдвар вэ? Тэгээд л би Итали явж үзье гэж бодсон. 2 сард осолд ороод 5 сард тэргэнцэр дээр суугаад Итали руу явсан.
Тэгэхээр хүнийг эдгээх ид шид өөрт нь л байдаг.
Ганцаараа очсон тул хоол хийж идэж чадахгүй. Халуун орон учраас мах их идэхгүй, гар бас дээшээ явахгүй учраас ногоогоо миксерт хийгээд хөлөөрөө гишгэж бутлаад уудаг. Тийм маягаар нэг хэсэг байсан. 7 хоногт нэг удаа мацаг бариад, бясалгал хийдэг. Хэдий аймаар осолд орсон ч найзыгаа алдсан гашуудал байгаа. Тэнд л би гашуудлаа тайлсан, маш их уйлсан. Мацаг их ид шидтэй юм билээ. Миний гар хөдлөхгүй байж байгаад олон өдөр мацаг барьсны дараа нэг өглөө гар минь ажиллаад хөнгөхөн болчихсон. Тэгэхээр хүнийг эдгээх ид шид өөрт нь л байдаг.
-Хүний хамгийн том дайсан бол өөрөө, бас хамгийн сайн найз нь өөрөө гэж 8 жилийн өмнөх илтгэлдээ хэлсэн байсан.
-Би саяхан харвалаа. Нүд юу ч харахаа больчихдог юм байна. Хүн өвчнийг хүлээж авах ёстой юм байна л даа. Хүүе нөхөр минь энэ чинь болохгүй байна гэж ухамсраас нэг юм хэлээд байгааг ойлгож аваад, энийгээ засъя гэж… Ер нь явж явж миний эрүүл мэндийг миний боловсрол авраагүй. Эрсдэлээс бол хамгаалж байгаа. Миний эрүүл мэндийг нөхөр маань аврахгүй, хэн ч аврахгүй. Би өөрөө өөрийгөө аврах юм байна. Өөрийгөө ялна гэдэг нь бодож санасан зүйлдээ хүрчих юм бол болох гээд байгаа юм. Тэр нь энэ марафон, эрдмийн ажил, үлгэр жишээ ээж байх зэрэг байгаа юм. Ээж байх тал дээр би арай болоогүй л байна л даа.
-Таны үүсгэн байгуулсан “Ахиллис Монгол” клуб олон хөгжлийн бэрхшээлтэй хүнд итгэл найдвар, урам зориг өгч байгаа.
– 2014 онд Нью-Йоркд гүйлтийн хөлтэй болчхоод яаж ашиглахаа мэдэхгүй туршиж үзээд байж байтал Манхэттены төв гудамжны буланд Ахиллис гэсэн хувцастай хүмүүс гар дугуйтай, бас над шиг хөлгүй хүмүүс яваад байсан. Би сониуч учир очоод өөрийгөө танилцуулаад, та нар яаж ингэж явдаг юм, танайд клубт яаж ордог юм бэ гээд асуусан. Яг тэр үед “Ахиллис”-ын үүсгэн байгуулагч Дик Траум гэж хүн байж таарсан. Би бүр дээр үед Монголд “Ахиллис” клубтэй байсан. Гэхдээ зах зээл зэрэг асуудлуудаас болоод больсон. Гэхдээ Монголд клубээ сэргээж болно. Тэрний өмнө чи Нью-Йоркын марафонд гүйгээд үзчих, марафоны амтыг мэдрэх хэрэгтэй гэдэг санал тавьсан. Дик өвөө дэлхийн 44 оронд “Ахиллис”-ыг үүсгэн байгуулсан. Тэр байгууллагын гадаад харилцаа эрхэлсэн захирал нь Гэрэлээ гээд Монгол хүн байдаг. Гэрэлээ эгч маш их зүйлийг гардан гүйцэтгэсэн. Олон хүний нэмрээр үүсгэн байгуулсан.
Нэг хүн өөрчлөгдөхөд тэр хүнийг тойрсон 20 хүний амьдралд эерэг өөрчлөлт гарна.
-Монгол дахь хамгийн анхны сэлмэн хөл дээр гүйгч эмэгтэй. Ингэснээрээ хөгжлийн бэрхшээлээсээ болоод өөрийгөө тусгаарлачихсан байсан олон хүмүүсийн сэтгэлд галыг нь асааж өгсөн гэж хэлж болохоор байна. Монголд ирэнгүүтээ тийм зүйл хийнэ гэдэг хэцүү. Орчин нь ч, хүмүүсийн сэтгэл зүй ч. Гэхдээ хийж чадсан.
-Үүн дээр маш их хувь нэмэр оруулсан газар бол “Түгээмэл хөгжил” гэдэг байгууллага. Би өөрөө хагас сайн өдөр бүр гүйдэг. Зарим нь надтай хамт гүйдэг, зарим нь гүйхийг маань хардаг. Миний хамгийн анх нээж байсан “Let’s run Mongolia” гэж групп бий. Тэндээс гүйлтийнхэн маань чиглэл чиглэлээрээ салж “Хамтдаа алхацгаая”, “Хамтдаа гүйцгээе” гээд тусдаа клуб байгуулж, бүгд олон улсын марафонд гүйсэн.
Яг тамга тэмдэгтэй байгууллага болохын тулд маш олон байгууллагуудтай уулзаж, санхүүжүүлэх санал тавьж байсан. Тэгэхэд нэлээн олон хүмүүс ямар сайхан санаа вэ, гэхдээ дараа холбогдоорой гээд татгалзаж байсан. Харин “Ариг” банкны захирлаар тэр үед ажиллаж байсан Д.Төмөрхүү надтай уулзаад, “Би Нью-Йоркд амьдардаг байхдаа гүйдэг байсан, манай эхнэр ч гүйдэг” гээд том дэмжлэг үзүүлсэн. Ахиллис бол тооноос илүү чанарт анхаардаг. Энд байгаа 20 хүн бүгд марафондоо бэлддэг, өөрсдийнхөө сул тал, давуу талаа таньж мэдээд, гэр бүл, хүрээлэн буй орчныхоо хүрээнд өөрийн санаа бодлоо илэрхийлдэг. Гэр бүлийнхээ хүрээнд идэвхгүй, орхигдсон мэдрэмжтэй хүмүүс байсан бол нүдэн дээр нь өндийж босож ирж байгаа. Нэг хүн өөрчлөгдөхөд тэр хүнийг тойрсон 20 хүний амьдралд эерэг өөрчлөлт гарна.
Бүх марафонууд 42 км 195 м байдаг. Энэ зайг би 8, 9 цаг гүйдэг. 2 хөлтэй хүмүүс бол 5, 6 цаг гүйдэг. Би бол хамгийн сүүл хавиар орж ирж байгаа шүү дээ, хазгар доголон янз бүр болж байгаад л. Гэхдээ сэтгэл дотроо бол хазгар доголон хамаагүй зорилгодоо хүрч байгаа юм.
“Ахиллис”-д би 100 гаруй хүний төлөө ажиллаж байгаа бол УИХ-д орох юм бол би 100 мянга гаруй хүнтэй “Ахиллис”-ын төлөө ажиллаж байгаа юм шиг байх юм байна. Том “Ахиллис” гээд л бодчихъё гээд өөрийгөө энэ ажилд дөхүүлэх гэж хичээсэн.
-2024 он таны хувьд онцгой он жил байлаа. Монгол УИХ-ын гишүүн болж, төр түшилцэх эрхэм хүндтэй үүрэг хариуцлага хүлээж авлаа.
-Энэ бол ёстой үнэхээрийн санаандгүй юм болсон. Би сургуулийн ажлаа завсарлаад Монголд жишиг ахмадын төв бий болгоно гээд шийдчихсэн байсан. Өмнө нь хандив босгож байсан учраас санаанд багтаад байсан л даа. Тэр дундуур улс төрийн сонгуулийн асуудал, 650 хүнд хиймэл хөл хийх төсөл гарч ирлээ. 2023, 2024 онд хэдэн зуун хүн надад туслаач гэж хандсан. Тэгэнгүүт би яаж туслах юм бэ, тэр хүний хүсэж байгааг өгөх мөнгө санхүү байхгүй. Ажлын газарт нь очоод шатыг нь тайраад налуу зам хийж чадахгүй. Ялангуяа хиймэл хөлтэй хүмүүс ганцхан хөлийн асуудалтай байдаггүй. Хөлөөсөө болоод ажилгүй болсон, эхнэр нөхрөөсөө салсан, амиа хорлох гэж байгаа, амиа хорлох гэж явж байгаад хөлгүй болчихсон ч хүмүүс байна. Жишээлбэл, нэг ээж надтай холбогдож байгаа юм. “Хүүхэд маань амиа хорлох гэж байгаад хөлөө хөлдөөгөөд тайруулчихлаа, одоо хиймэл хөлийг нь хаана хийлгэх вэ” гээд. Хөлийг нь л хийгээд болчихгүй. Тэр хүүхдийн сэтгэл нь тайрагдчихсан байгаа юм. Яагаад ийм байдалд орсон асуудалтай нь ажиллах ёстой болохоос биш хөл хийгээд асуудал шийдэгдэхгүй. Хөлтэй болоод ахиад амиа хорлочих юм бол яах юм бэ, тийм ээ.
Тэтгэлэг гуйж хандаж буй хүмүүс дунд ч үнэхээр асуудлууд зөндөө. “Чи нэр дэвшчих, би бид нарын амьдралыг мэднэ шүү дээ Сараа” гэдэг хүмүүс олон байдаг. Эдгээр асуудлууд нэр дэвшихэд нөлөөлсөн л дөө. “Ахиллис”-д би 100 гаруй хүний төлөө ажиллаж байгаа бол УИХ-д орох юм бол би 100 мянга гаруй хүнтэй “Ахиллис”-ын төлөө ажиллаж байгаа юм шиг байх юм байна. Том “Ахиллис” гээд л бодчихъё гээд өөрийгөө энэ ажилд дөхүүлэх гэж хичээсэн. Гэхдээ өөрийгөө голох мэдрэмж алга болохгүй байгаа шүү дээ.
Харин тангараг өргөж байхдаа би энэ олон хүмүүсийн төлөө зүтгэх гэж амьд үлдсэн юм байна гэх бодол төрж байсан.
– УИХ-ын гишүүний тангараг өргөх мөчид үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бас өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байсан байх.
– Тангаргийн хамгийн эхэнд эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн агуулга байдаг. Тонгойгоод тугтаа мөргөхдөө нэг хөл дээрээ өвдөглөж сууж байгаад мөргөдөг. Тэгэхэд яана аа би алдаа гаргачих вий гэж бодож байсан. Тэрнээс би хөлгүй юм чинь гэж бодоогүй. Хоёрдугаарт, тэр өдөр 2 зүйл бодсон. Би 13 настайдаа хорт хавдар гэх үхлийн өвчнөөс амьд үлдсэн. 35 настайдаа авто ослоос амьд үлдсэн. Сүүлд би харвасан. 20 настай байхдаа хүчирхийлэлд 4 жил хүнд амьдрал туулсан. Үхэж болохоор олон юмны ард гарсан амьдралд үнэ цэн, утга учир байгаа байх гэж хүмүүс хэлдэг байсан. Би гэхдээ нэг их юм боддоггүй байсан л даа. Харин тангараг өргөж байхдаа би энэ олон хүмүүсийн төлөө зүтгэх гэж амьд үлдсэн юм байна гэх бодол төрж байсан. Нөгөө талаас, намайг энд авчирсан олон хүний хүчин чармайлт байгаа. 10 жилийн багш нар, найзууд, их сургуулийн багш нар, хожим мэтгэлцээнд намайг оруулсан багш нар, АШУҮС-д өлгийдөж авсан багш нар гээд намайг ийш нь авчирсан олон хүний зүтгэл талаар өнгөрөөгүй юм байна даа гэж бодсон. Нэр дэвшихэд чи л энийг чадна гэж зүтгүүлээд байгаа олон ах эгч нар өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Тэр хүмүүсийн итгэл надад их хүнд санагдсан. Нуруун дээр нэг их том юм аваад тавьж байгаа юм шиг. Нэг талд хүний туулсан амьдрал, нөгөө талд олон хүний дэмжлэг байгаа шүү дээ. Нөгөө талд улс төрийн нам байна. Нам бас надад итгэж байгаа шүү дээ. Энэ намд надаас илүү хэдэн зуун хүн, миний оронд байж болох хүмүүс байгаа. Надаас илүү мэдлэг боловсролтой, олон жил зүтгэсэн ахмадууд, бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч байгаа. УИХ-ын гишүүн болно гэдэг нэг том дарга болж байгаа биш, олон хүний итгэж найдсан итгэл дээр хариуцлагатай байх. Тэр хариуцлагыг үүрэх хэмжээний чадал байгаа билүү гэдэг айдас төрөөд эхний хэдэн сар хямралын байдалтай байсан. Хүн харахад дуу ч гардаггүй тийм хүн байсан. Уг нь баярт мөч л дөө.
-Нэлээн их судалгааны ажлууд хийж байгаа харагдсан. Хаврын чуулганаар ямар хуулиудыг оруулахаар төлөвлөж ажиллаж байна. Ямар ажлууд дээр төвлөрч байна.
– Нэлээн олон ажил байгаа. Нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал руу шууд оръё гэхээр бидэнд ямар хүнд ямар хэрэгцээ байна гэдэг үндэсний хэмжээнд хийсэн нарийн сайн судалгаа алга. Би багшилж байх үедээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн амьдралын чанарыг судлах судалгаа”- г Виржиниагийн Коммонвелтийн их сургууль \Virginia Commonwealth University\ -тай хамтраад судалгаа хийж байсан. Гишүүн болсноор энэ судалгааг илүү өргөн цар хүрээтэй болгоод, ГБХНХЯ, Л.Энх-Амгалан сайдтай хамтран орон даяар хийж байгаа. Энэ судалгаанаас Засгийн газрын хөтөлбөрт орсон аймаг, дүүрэгт баригдах төвүүдэд яг ямар үйлчилгээ явах юм гэсэн нотолгоонд суурилсан төлөвлөгөө гаргана гэсэн үг. Жишээ болгоод ахин нэг судалгаа дурдахад, Нийгмийн ажлын хуулийн төсөл дээр ажиллаж байна. Нийгмийн ажилтан биш нийгмийн ажлын тухай хууль Монголд амин чухал хэрэгтэй байна. Сүүлийн 20, 30 жил Монголд байгаа нийгмийн халамжийн үйлчилгээ нийгмийн ажилтнуудын нуруун дээр байсан гэхэд хилсдэхгүй. Мөн яг одоо ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийг бичихээр судалгааны ажил дээр явж байна. Хүнийг ялгаварлах чинь үйлдэл тийм ээ. Үйлдлийг нь цахим орчинд гутаан доромжлох, ажлын байран дээр ялгаварлах, үйлчилгээ үзүүлэхдээ тэгш бус хандах, эрүүл мэндийн салбарт ялгаварлах зэрэг гээд 10-12 төрөл байна. Үүний тухай Үндсэн хуульд нэг заалт, Зөрчлийн тухай хуульд нэг заалт байгаа боловч хууль хэрэгжих процесс нь алдаатай, хоосон байгаа юм. Энэ хууль бий болсноор хүн ялгаварлалаа гээд барьж хорино гэж ойлгож болохгүй. Үүний цаана сэтгэлийн гэмтлийг засахад хэрэгтэй үйлчилгээ явуулдаг ч юм уу ийм маягийн шийдлүүд олон улсад байгаа юм.
-Залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ?
-Аз жаргалаа хүн өөрөө л бүтээнэ. Би юунд зовоод байна, зовлонгийнхоо учрыг хүн өөрөө олох хэрэгтэй. Нийгмийн орчин зовлонд өчүүхэн бага нөлөөтэй шүү дээ. Зовлонг гадаад орчин улам том болгоод байгаа, харин зовлон бол өөрийн дотор байгаа гэж боддог.
Алдар нэр, харагдах байдлаас илүү би өнөөдөр ямар гэр бүлийг бүтээж байгаа вэ гэдгээ бодох маш чухал юм билээ.
-Ярилцлагынхаа хамгийн сүүлчийн хормыг би танд асуулгүйгээр үлдээе.
– Ээж хүн гэдэг маш чадалтай гэдгийг ойлгосон. Өөрийнхөө ээжийг маш их чадал тэнхээтэйг харсан. Биеийн чадал, эдийн чадал, үгийн чадалдаа биш ээжийн сэтгэл гэдэг бол маш чадалтай зүйл. Ээж нар бид чадалтай, зөв, сэтгэл хөдлөлөө зөв гаргаж чаддаг, асуудлаа эмэгтэй хүнд ойлгуулж чаддаг сайн хөвгүүдийг өсгөх ёстой гэж бодоод байгаа. Охид ч гэсэн ялгаагүй л дээ, гэхдээ манай охид бол илүү төлөвшсөн, бие даасан. Монгол хөвгүүдийн хувьд үнэхээр асуудал байна. Бид нөхрүүдийнхээ бараг ээж шиг амьдарч байна шүү дээ, хадам ээжээсээ өргөж авсан хүүтэйгээ амьдарч байгаа ээж нар олон байгаа. Тэр циклийг дахин дахин бий болгохгүйн төлөө өөрөөр нь шийдвэр гаргуулж, бие даалгаж, мэдрэмжийг нь хуваалцаж, эрэгтэйчүүд минь илүү хариуцлагатай болох юм бол олон хүний амьдрал тэнийх байх гэж хардаг. Монголд амиа хорлолт залуучуудын дунд их өндөр байгаа. “Toxic masculinity” гэж ойлголт бий. Эр хүн ийм байх ёстой гэсэн нийгмийн хүлээлтүүд нь хөвгүүдийг уйлж болохгүй, хатуу чанга бай, мундаг бай гээд сэтгэл дотроо байгаа зүйлийг гаргаж чаддаггүй болгодог. Тэгээд архи дарс уухаараа ч юм уу тэрийгээ хагас дутуу гаргаад, эмэгтэйчүүдийн тэднийг үнэлэх үнэлэмж, харилцааг их асуудалтай болгоод байна. Нөгөө талд эмэгтэйчүүдийн хүчирхийлэл бас их болчихсон. Гэр бүл болохынхоо өмнө хүн өөрийгөө сайн таньж мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол миний туулсан амьдрал шиг өнчин өрөөсөн өсөх маш хэцүү.
Их олон хүн зовж зүдэрсэн амьдралаасаа гараад дараагийнхаа шинэ хаалгыг нээж чаддаггүй. Хуучин туулсан амьдрал нь дараагийн амьдралд нь зөөгдөөд л яваад байдаг. Залуучууд дурлаж хайрлаад явж болох ч шууд амьдрал зохиож хүүхэд өсгөх болоогүй бол олон хүүхдийн амьдралыг золиосолж болохгүй. Энэ бол хүний амьдралд барьж явах хамгийн чухал хэм хэмжээ. Алдар нэр, харагдах байдлаас илүү би өнөөдөр ямар гэр бүлийг бүтээж байгаа вэ гэдгээ бодох маш чухал юм билээ. Сайн дурын үйл хийхээс ч чухал зүйл бол өөрийнхөө амьдралд холбогдсон хүмүүстээ зориулж хийж буй үйл сайн дурын ажил шиг гоё байх ёстой.
-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа.