Гэрээт өмгөөлөгчдийн сургалт эхэллээ
2019.09.18

Гэрээт өмгөөлөгчдийн сургалт эхэллээ

Монголын хуульчдын холбоотой хамтарсан МҮЭ-ийн холбооны Гэрээт хуульч, өмгөөлөгчдөд зориулсан “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалт өнөөдөр /2019.09.18/ эхэллээ.

Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбоо, Монголын хуульчдын холбооны хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулав.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ, "МҮЭ-ийн холбооны Хуульч өмгөөлөгчдийн багийн өмгөөлөгчид сүүлийн 3 жилийн байдлаар Аймаг нийслэл, салбарын ҮЭ-ийн хорооноос ирүүлсэн 156 өмгөөлөл авах тухай хүсэлтээр нийт 300 гаруй ҮЭ-ийн гишүүнд өмгөөллийн туслалцаа үзүүлж 96,8 хувь амжилттай шийдвэрлүүлсэн байна. 2007 оноос байгуулагдсан энэхүү бүтэц зохион байгуулалтын үр өгөөж өндөр байгаад талархалтай байна. Гэрээт өмгөөлөгчдийн тоо буурахгүй, олон хүний эрхийг хамгаалах, бэрхшээлийг даван туулахад та нарын оролцоо өндөр байгаа. Олон жилийн хөдөлмөрөө улам чамбайруулах үүднээс Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллаж, та бүхнийг мэргэшүүлэх, нийгмийн хамгааллын талаас олон ажлыг хийх болно" гэлээ.

Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, "Юуны өмнө Өмгөөлөгчдийн баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Хөдөлмөрлөх эрх нь хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх үндэс. Үүнийг хамгаалахад та бүхэн маань тусалж байгаа хэрэг. Монголын Хуульчдын холбоо бол хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр ОУХБ-тай сүүлийн хоёр жилд хамтарч байна. Хуульч, өмгөөлөгчдөө гадаад, дотоодын сургалтад байнга хамруулж байгаа. Удахгүй НХХЯ, ОУХБ-тай хамтран Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, Хүн худалдаалах гэмт хэрэг зэргээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулна. Иргэний эрх зүйн хороооны дэргэд Хөдөлмөрийн эрх зүйн хороо байгуулагдсан. Гишүүнээр элсэхэд нээлттэй гээд сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье." гэлээ. 

ҮЭ-ийн Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, "МҮЭ-ийн холбооны Гэрээт Хуульч, өмгөөлөгчдийн баг 2007 онд байгуулагдсан. Зөвхөн зөвлөгөө өгөх бус шүүхэд төлөөлж, ажилладаг болсон нь үр өгөөжөө өгдөг болсныг дуулгахад таатай байна." гэсэн юм.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Хуульчдын холбоотой иргэдийн эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхүүдийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамгаалахын тулд хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож дэмжих, дэмжлэг үзүүлэх, мэдээ, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг туссан асуудлыг тоймлон хүргэж байна.

Уг санамж бичгээр:

  1. Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчихөд хүргэсэн хууль тогтоомж, захиргааны шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх болон хүний эрхийн зөрчлийг зогсоох үүднээс нийтийн эрх ашгийг хамгаалахад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг явуулах, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын эрх зүйн мэргэшсэн хуульч бэлдэх, сургах, шийдвэрлэх механизмыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах,
  2. Хуульч, өмгөөлөгчдийг дэмжих, чадавхижуулах хүрээнд МҮЭХ-ны сайн дурын үндсэн дээр хамтран ажилладаг гэрээт өмгөөлөгчдөд кредит цагийн сургалтыг жилд нэг удаа нийслэл, хөдөө орон нутагт бүсчлэн зохион байгуулах, ХӨБ-ийг мэргэшүүлэх бусад кредит цагийн сургалтуудыг хамтран зохион байгуулах, өмгөөлөгчдийн хууль эрх зүйн орчин, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
  3. Сургалт, сурталчилгааны хүрээнд МҮЭХ-ны сургагч багшийн боловсруулсан сургалтын хөтөлбөрийг холбогдох журмын дагуу магадлан итгэмжлэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр болон өмгөөллийн үйл ажиллагааны талаар гадаад орнуудын туршлага судлан, мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт хоёр талын ажилтан, ХӨБ-ийн гишүүдийг оролцуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, талууд нь Санамж бичигт заасан чиглэлээр харилцан мэдээлэл, санал солилцох, И-хөтөч төсөл, хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, МҮЭХ-ны гэрээт өмгөөлөгчдийг үйл ажиллагаанд оролцуулах, санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээллийг МҮЭХ, МХХ-ны хэвлэл мэдээллийн хэрэгсэл (цахим хуудас, сэтгүүл, телевиз, радио)-ээр дамжуулан сурталчлахад хамтран ажиллахаар хоёр тал тохирлоо.

Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн үйл ажиллаганы нэг чиглэл “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сургалтыг Монголын Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулж, хамтран ажилладаг хуульч, өмгөөлөгч нараа нэг кредит цаг олгуулж, хамтран ажиллах гэрээгээ шинэчилэн байгуулж байгаагаараа онцлогтой юм. Сайн дурын хуульч, өмгөөлөгчидтэй МҮЭ-ийн холбоо 2007 оноос эхлэн хамтран ажиллах гэрээ байгуулж ҮЭ-ийн эрх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар ҮЭ-ийн байгууллага, гишүүдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа болно. Энэ жил Хуульч өмгөөлөгчдийн багийн бүрэлхүүн шинэчилэгдэн 9 гишүүн шинээр гэрээ байгуулжээ.