Байнгын хорооны дарга Д.Оюунхоролд “Хамтдаа хэлэлцье” аяны хэлэлцүүлгийн дүнг хүлээлгэн өгөв
2019.10.11

Байнгын хорооны дарга Д.Оюунхоролд “Хамтдаа хэлэлцье” аяны хэлэлцүүлгийн дүнг хүлээлгэн өгөв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролд гэр бүлийн талаарх хуулийг шинэчлэн, эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой улс орон даяар зохион байгуулсан “Хамтдаа хэлэлцье” аяны хэлэлцүүлгийн нэгтгэсэн саналыг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл өнөөдөр (2019.10.11) хүлээлгэн өгөв.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон даяар, олон нийтээр хэлэлцүүлсэн тус аяныг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулсан байна. Гэр бүл салалт, түүнээс үүдэн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөн хохирч буй нь “Хамтдаа хэлэлцье” аяныг зохион байгуулах нийгмийн шаардлага байсан гэдгийг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа хэллээ.

Гурван сарын хугацаанд улс орон даяар зохион явуулсан аяны хүрээнд 21 аймгаас 19500 гаруй, нийслэлийн 9 дүүргээс 10000 гаруй иргэний саналыг авсан байна. Эдгээрийг нэгтгэхэд гэр бүлийн боловсролыг насны онцлогт тохируулан албан бусаар олгох, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Хүүхдийн тэтгэлэгийн сан” байгуулж хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн тэтгэлэгийг насны ялгаваргүйгээр олгох, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг хуульчлах, гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн голлох шалтгаан болж буй архины хэрэглээг бууруулахад анхаарах, гэр бүлийг дэмжих төрийн бодлогыг тодорхой болгох, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг зогсоосон шийдвэрийг цуцлах, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг саналууд хамгийн олон давтамжтайгаар ирсэн байна. Эдгээрээс хуульд зайлшгүй тусгах шаардлагатай саналуудыг багцлан хууль тогтоогчдод хүргүүлж, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо холбогдох эрх зүйн шинэчлэлийг хийхэд хамтран ажиллахан хэмээн найдаж буйгаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа хэллээ.

Гэр бүлийн талаарх асуудлуудад улс төр, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд илүүтэй анхаарч, зүтгэж ажиллах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Байнгын хорооны дарга Д.Оюунхорол илэрхийлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Гэр бүл нийгмийн үнэт суурь гэж нийтээрээ ярьдаг атлаа хууль эрх орчныг 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл сайжруулж, шинэчилж чадсангүй. Хуульд асар олон өөрчлөлт хийх шаардлагатай, нийгмийн хүлээлт бий.

Энэ асуудлыг шийдвэрлэх энэ цаг үед манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлж буйд талархаж байна. Нөгөө талаас Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг энэ асуудалд анхаарал хандуулж, нэгдэх урилгыг алгыг ирүүлж буйд баярлалаа. Энэ асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэлээ. 

Улс төржүүлж болдоггүй олон асуудлын нэг бол гэр бүл гэдгийг Байнгын хорооны дарга Д.Оюунхорол онцолсон. Улс төрч эмэгтэйчүүд нийгмийн өмнө тулгамдсан гол асуудлууд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр нам харгалзахгүй хамтран ажиллах шаардлагын талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм. “Улсын Их Хурлын ээлжит сонгууль дөхөж байна. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, нэмэгдүүлэх зорилготой олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Нийгмийн нөхцөл байдал цаг, цагаар өөрчлөгдөж байдаг онцлогтой өнөө үед нийцүүлж эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийг чадавхжуулах, дэмжих ажлуудыг зохион байгуулна. Улс төрийн нам бүр энэ чиглэлээр зохих түвшинд анхаарах учиртай” гэлээ. Мэдээ, мэдээллийн давалгаа нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хязгаарлах, бууруулах эрсдэл дагуулж байгаа тул анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээ зохион байгуулна гэдгээ мөн тэрбээр хэлсэн.

Хамтран ажиллах урилгыг хүлээн авч буйд Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа талархал илэрхийлээд “Монголын нийт хүн амын талаас илүү хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийг төлөөлж ядууралтай тэмцэх, улс орны хөгжлийн явцыг тодорхойлох, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг өрх бүрд тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар нэг улс төржилтгүйгээр эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн шийдлийг хамтдаа дэмжиж улс орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх нэг л зорилго бидэнд бий. Энэ зорилгынхоо хүрээнд гэр бүлийн хөгжлийн төлөө хамтран ажиллах саналыг дэмжин хүлээж авч буйд талархал илэрхийлье” гэв. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос ирэх мягмар гарагт (2019.10.15) Гэр бүлийн тухай хуулийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл тус хэлэлцүүлэгт оролцож, хэлэлцүүлгийн нэгдсэн дүнг танилцуулахыг урив.