2019.11.08

Н.Амарзаяа: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн иргэдэд хүртээх нь хамгийн чухал шүү

Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарны 30-ны 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч байх ба АМНАТ-ийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хүчингүй болгосон.

Мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болгожээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар АМНАТ-ийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүйн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн байна. 

Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслийн боловсруулжээ.


Төслийг хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

"Байх ёстой төлбөр мөн үү гэвэл мөн л дөө. 2005 оноос эхэлсэн энэ  хууль ашигт малтмал эрхэлж буй орон нутагтаа таатай нөхцөлийг үүсгэж, хэрэгжиж эхэлсэн. Гэтэл явсаар явсаар 5 хувь байтугай, 1 ч хувьгүй болсон. Энэ оноос 10 хувь болж байна. Энэ 10 хувийн 5 хувь нь аймгийн, үлдсэн нь 5 нь суманд гэж байгаа. Энэ хувиарлалт болоод нөгөө талдаа зарлагатай холбоотой асуудал нь алдаатай болоод байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт 2-3 үндэслэл байна. Засгийн газрын журам хүчин төгөлдөр биш байна гэсэн байна. Энэ нь Цэцийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн үү?" гэдгийг асуулаа.