Хэн юу хэлэв: Ашигт малтмалын хууль
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага аваад байна.Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн асуусан асуулт, саналыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
Стратегийн ордоос 34, 50 хүртэлх хувийг төр эзэмшинэ гэсэн нь олон жил маргаантай явсан. Энэ бол ашигт малтмалын зөвхөн өмчлөлийн тухай асуудал. Өөрөөр хэлбэл стратегийн ордоос 50 хүртэлх хувийг эзэмших тухай заалт. Та нар хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компанийн үүднээс ярьж байна. Бидний гаргасан хууль бол өөр. Хуулийн өмнөөс биш хөрөнгө оруулагч талын яриаг барьж гүйгээд байна. УИХ-ын 57-р тогтоолд бий. Нөгөө талаар татварыг Засгийн газар тогтоое гэсэн нь зөв гэжүү. Хууль зөрчсөн үйлдэл яагаад хийгээд байна вэ?
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт:
Ашигт малтмалын хуулийн 5.3, 5.4, 5.5 дахь заалт төрийн эзэмшлийн хувийг гэрээгээр тогтооно гэсэн заалт.УИХ-аас чиглэл өгдөг. Оюутолгой дээр 34 хувийг эзэмших чиглэл өгсөн. Цагаан суваргын орд дээр төрийн оролцоо 0 хувь. . Орд болгон дээр энэ мэтээр өөр байгаа. УИХ-ын эрх мэдэлд халдсан зүйл байхгүй. Татвараа тогтоосны дараа Засгийн гзаар орон нутагт хөдлөх эрхийг нь өгдөг. Тухайн компанийн эзэмшил хэд байхаас үл хамаарч баялаг ард түмний өмч хэвээрээ байна. Зарим ордод хувь эзэмшээд явах нь ашигтай байхад зарим нөхцөлд эрсдэлтэй байна. Тиймээс сонголтуудыг оруулж ирсэн. Оюутолгой дээр УИХ шийдвэрээ гаргачихсан, 57р тогтоол дээр тодорхой байгаа. Тавантолгой дээр 39-р тогтоолоор шийдлээ гаргачихсан. Өнөөдрийн асуудал бол цаашдаа Монгол Улс ямар чиг баримтлах вэ гэдгээ тодорхойлсон. Огт хувь авахгүй байснаас тодорхой хэмжээний татвар авах нь зөв гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Ашигт малтмалтай холбоотой хуулийг наадам цагаан сараар хэлэлцэж хулгайн заалт оруулдаг. Энэ бол үндсэндээ Оюутолгойн 34 хувийг татвараар нь зарах л заалт. Үүнээс өөр юм байхгүй. Татвар тогтоох эрхийг Засгийн газар өөртөө эсвэл орон нутагт авах гэж оролдож байна.
УИХ-ын гишүүн С.Оюун:
Үнэгүй эзэмших хувь гэдэг ойлголт байдаг л даа. Хөрөнгөө оруулахгүйгээр эзэмших хувь нэг их яригддаггүй. Санхүүгийн дарамтанд орохгүйгээр ногдол ашиг хүртээд явах хувилбарыг судалсан уу.Рояалти дээр ашгаас үл хамаараад олборлосон л бол татвар авах нь нэг талаас ашигтай.
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн:
Тухайн ордынхоо онцлогоос хамаараад роялтийн хувьд хэмжээ тогтооход хүндрэлтэй байгаа.Гацууртын төрийн эзэмшлийн хувийг ярьж байхад Ажлын хэсэг дээр 20, 25, 34 гэсэн хувилбар яригдсан.Ингээд нөгөө талаас тавьсан саналаас тооцоо хийхэд 20 хувь нь төсвөөс мөнгө гарахгүйгээр шийдэх боломжтой байсан.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:
Төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлэхээр Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо-д нөлөөлөх үү. Оюутолгойн 34 хувийг бид одоо эзэмшиж байна уу. Хэзээ 34 хувийнхаа ногдол ашгийг хүртэх вэ?
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн:
Одоогийн хөрөнгө оруулалтын гэрээнд үйлчлүүлэх гэж шахах нь зарчмын хувьд буруу. Хоёр тал харилцан ойлголцоод гэрээнд өөрчлөлт оруулвал болно. Хууль батлагдсанаар цаашид ашиглах ордуудад хамаатай. Алдаа оноондоо тулгуурлаж хийсэн өөрчлөлт. Ашигт малтмалын хууль, тогтоол шийдвэрийн хүрээнд Оюутолгойгоос Монголын төр 34 хувиа эзэмшиж байгаа. 2019 оноос төр ногдол ашиг авах тооцоотой. Төслийн явцаас харахад зардал их гарсан учраас ногдол ашиг хүртэх хугацаа, хэмжээнд өөрчлөлт орох асуудал яригдаж байгаа. Тиймээс энэ асуудлыг хоёр тал хэлэлцээрийн шатанд ярьж байна. Одоогоор стратегийн орд газраас 5-6 төсөл хэрэгжиж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт:
Хууль эргэж үйлчлэхгүй. Хэрвээ үйлчилбэл УИХ-аас гарсан тогтоолд өөрчлөлт орж байж явна.
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн:
Гацууртын ордод 10-11 жилд 3 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ. Үүнээс 659.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. 1.9 их наяд төгрөгөөр Монгол Улсад ирэх шууд бус нөлөөлөл үзүүлнэ. Шууд нөлөөлөл нь 30 хувь байнө. Шууд бус нөлөөлөл гэдэгт худалдан авалт, үндэсний хангамж, Монгол ажилчдын цалин зэрэг багтаж байгаа. Монголын ажилчдын цалин долоон хувийг эзэлж байгаа талаар ТЭЗҮ гарсан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт:
Гацууртаас 5-6 дахь жилээс ашиг хүртэнэ. Олж байгаа орлого, зарлага нь ойролцоо байгаа. Алтны ордны хувьд үйлдвэрлэл нь бэлэн учраас олборлолтоо богино хугацаанд хийх боломжтой. Борлуулалт, үнийн дүн хоёроос роялти аваад явах нь ашигтай гэж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
Нэг ордод зориулж хуулиа өөрчилж болохгүй. Оюутолгойд зориулаад дөрвөн хууль өөрчилсөн. “Центера гоулд” компанид зориулж Ашигт малтмалын хуулиа өөрчлөх гэж байна. Энэ хууль Үндсэн хууль зөрчиж байна. Жагсаал хийгээд байна гээд Төрийн ордноо тойруулаад төмөр хашаа босгосон. Одоо хэдхэн хүнийг гаргаар чуулганы танхимаа цоожилж шорон болгоход ойрхон байна. Гацуурт гэдэг үнээ ямар үнэтэй вэ. Ердөө 200 сая долларын ашгийн төлөө орж ирсэн гэжүү. Энэ зардал бодитой биш гэжүү. 10 жилийн дараа 200 сая доллар авах гэж байгаа бол ухах хэрэг байна уу. Өнөөгийн үнэ цэнэ гэдэг үгээ тайлбарлаач?
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн:
Яамны зүгээс 2014 оны 3 сараас Ажлын хэсэг гарч анхан шатны хэлэлцээ эхэлсэн. Ордыг ашиглах асуудлыг гэрээгээр зохицуулна. Таны ярьж байгаа Үндсэн хуульд заасан төрийн өмч гэдэг заалт Ашигт малтмалын хуульд бий. Төрийн хүртэх үр өгөөж нь ногдол ашиг.
Тухайн төсөл 7-8 жилийн дараагаас мөнгөн урсгал нь эерэг гарсан үед ашгийг одоогийн үнэ цэнэд шилжүүлэе гэж байгаа. ТЭЗҮ-г 2014 онд Эрдэс баялгийн зөвлөлөөр баталсан. 9 хүнтэй шинжээчдийн баг бүх тооцоог шалгаж байгаа. ТЭЗҮ-ийг ШУ-ны хүрээлэн боловсруулсан. Ажлын хэсгийн хүрээнд тооцоог шалгах шаардлагагүй гэж үзсэн. Шаардлагатай бол дахин ажлын хэсэг гаргах байх.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
Сүүлийн үед сайд нар их оодорч, гишүүдийг үг хэлэхээр популизм хийлээ гэдэг боллоо. С.Баярцогт та уул уурхайтай холбоотой асуудал руу битгий орооч. Энэ хуулийг баталвал Монгол Улсад стратегийн орд гэдэг ойлголт алга болно. Үүнийг зөвшөөрөхгүй.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Таван жилийн өмнө 15 ордыг стратегийн ордод бүртгэхэд ард түмэн баярлаж байсан. Одоо бүр төрийн өмчит хувийг байхгүй болгох гэж байна. жижиг орнууд төрийн өмчтэй байж оршин тогтнодог. Ард түмнийхээ, Үндсэн хуулийнхаа эсрэг ийм хууль оруулж ирж байгаадаа ичээч. Оюутолгойд өөрчлөлт орохгүй гэж худлаа ярьж байна. Өөрчлөгдөхгүй гэдэг баталгааг өгч чадах уу?
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт:
Х.Болорчулуун гишүүн Оюутолгойн гэрээг уншаагүй юм байна, ойлголтгүй юм байна. Найман төрлийн татварыг бууруулаагүй, тогтворжуулсан. Та индэрээ ашиглаж худлаа ярихаа боль. Одоо оруулж ирж байгаа асуудалд хувийг байхгүй болгох асуудал огт байхгүй.
Хэдийгээр УИХ-ын гишүүдийн дунд ийн хүчтэй маргаан, асуулт хариулт өрнөсөн ч Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр “Шударга ёс” эвсэл завсарлага авсан тул хуулийг хэлэлцэх хугацаа хойшилж байна.