2018.04.27

М.Билэгт: Хүүхдүүдэд ёс зүй, хүн чанар олгох боловсрол хэрэгтэй байна

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд хуучин тогтолцоо нь бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Зах зээлд шилжсэн 27 боловсролын салбар уналтад орсон. Жилээс жилд дордож байна. Мөнгө нь илүүдсэндээ биш шүү, үр хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэх гэж иргэд хувийн сургуульд хүүхдээ өгч байна. Судалгаанаас харахад ажилгүй иргэд 25-40 насныхан байгаа. Үүний 40 хувь нь дээд боловсролтой залуучууд. Ажилд жуулчлаад явуулахаар гологдчихлоо гэдэг. Хүн чанар, ёс зүй дээр доголдолтой байна. Энэ бол боловсролын салбарын алдаа. Малчид нэг хүүхдээ Их сургуульд сургах гэж бараг бүх малаа зардаг. Гэтэл тэр хүүхэд нь ажил хийхэд бэлтгэгдэхгүй байна. Хүн болгох тал дээр нь анхаарах хэрэгтэй. Энэ салбарын сууриар нь өөрчлөх хууль эрхзүйн өөрчлөлтийг хэзээ оруулж ирэх вэ? Жилд 40 мянган оюутан төгсдөг, дөнгөж 30 хувь нь  ажилтай болж байна.

УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа: Манай салбарт хүндрэлтэй асуудал их бий. Бидэнд хууль эрхзүйн хувьд өөрчлөлт хэрэгтэй. Хаврын чуулганд хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн 20 гаруй жил боловсролын багц хуулинд 19 удаа нэмэлт өөрчлөлт хийсэн байдаг. Харин одоо багцаар нь өөрчлөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Билэгт:Гадаадаас туршлага их судалдаг. Хэлбэр төдий зүйл хийгээд байна.