Олон жил ажилласан туслах ажилтанд тэтгэлэг олгохыг дэмжив
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн хуралдаанаар Боловсролын, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан гарах хуулийн төслийн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан.
Тухайлбал, боловсролын туслах ажилтан гэдэг нь бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтан гэж ойлгох зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт дээрх албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол тэтгэвэр тогтоолгоход 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах санал гишүүдийн олонхийн дэмжлэг авав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дондог багш нарын мэргэжлийг дээшлүүлэхийн тулд тэднийг удирддаг удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх ёстой гэсэн санал тавьсан. Үүнд БСШУЯ-ны холбогдох албан тушаалтан “Сургуулийн удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэхэд зарцуулах хөрөнгийг төсвөөс гаргадаг учраас үүн дээр ямар нэг асуудал үүсэхгүй” гэсэн хариултыг өгсөн. УИХ-ын гишүүн Л.Ламбаа туслах ажилтнуудыг энэхүү мөнгөн тэтгэлэгт хамруулахдаа хэнийг ч орхигдуулж болохгүйг сануулсан юм.