Дээд сургуульд суралцагчдын нийгмийн баталгааны асуудлыг шийдлээ
2012.01.16

Дээд сургуульд суралцагчдын нийгмийн баталгааны асуудлыг шийдлээ

УИХ-ын чуулганы 2012 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойшхи хуралдаааар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн.

Хэлэлцүүлгийн шатанд Х.Жекей, Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр нар гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа хэлсэн. Гэхдээ багш нарын нийгмийн асуудалд анхаарах, алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сургууль, цэцэрлэг барих, багш нарыг тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж олгох, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэхэд төр анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байлаа. Мөн гишүүдээс өргөн барьсан хуулийн төсөл Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй агуулгын хувьд ижил төстэй, зарим заалт давхцаж байгаа тул Ажлын хэсэг байгуулан хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн санал гаргав.

 Харин Ж.Батсуурь гишүүн улс орны хөгжил дэвшилтэй холбоотойгоор ямар салбарт мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа тооцоо судалгаа байхгүй байна гэсэн бол З.Энхболд гишүүн саяхан батлагдсан Сонгуулийн тухай хуулиар 2012 оны 1 сарын 1-нээс эхлэн иргэдэд өгөх мөнгийг хориглосон. Тэгэхээр одоо яригдаж байгаа 36 сарын тэтгэмж болоод түүнчлэн эх, хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох зэрэг асуудал нь бүгд хуулиараа хориотой болж байгаа юм. Хэрвээ мөнгө олгохтой холбоотой асуудлыг батлаад явбал нам сонгуульд орох боломжгүй болно. Иймд хүмүүсийн гарт очих урамшуулал, тэтгэмж зэрэг мөнгөтэй холбоотой асуудлыг батлах боломжгүй байгааг бүлгүүд анхаараачээ гэж хэлмээр байна гэлээ. Их хурлын ажил нам, улс төрийн ажлыг хооронд нь ялгаж салгаж үзэх нь чухал гэдгийг энэ үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд анхааруулаад авсан. Түүнчлэн Д.Ганхуяг гишүүн, 2012 оны төсөвт тусгагдсан асуудлыг урагшлуулж цалин, тэтгэврийг нэмж өгөөч гэсэн асуудлыг л ярьж байгаа. Харин 2013 оны асуудлыг яриагүй. 2013 онд яригдах мөнгөн тэтгэмжийн асуудал шинээр бүрэлдэн бий болсон Засгийн газрын шийдэх асуудал. Цалин, тэтгэвэр бол иргэдийн амьдралд маш чухал. Иймд санал худалдаж авах чанартай мөнгө амалсан амлалтыг тусад нь авч үзэх ёстой гэдгийг хэлэв. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн 52,5 хувь нь дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.