Боловсролын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2012.04.11

Боловсролын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан гарах хуулийн төслийн Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. Тухайлбал, боловсролын туслах ажилтан гэдэг нь бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтан гэж ойлгох зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт дээрх албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах санал дэмжлэг авав.Мөн хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзлээ.

Соёлын тухай хуулийг 1996 онд анх баталж, соёл, урлагийн тогтолцоо, үйл ажиллагааг нийгмийн шинэчлэлийн шаардлагад нийцүүлж төлөвшүүлэх, үйлчилгээний хүрээ, хүртээмжийг өргөжүүлэх, соёлын ажилтан, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх болон соёлын харилцаанд оролцогчдын эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулж иржээ. Соёлын тухай хууль 1996 онд батлагдан гарснаас хойш 2000, 2001, 2003, 2006, 2008 онуудад нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Соёлын ажилтны ёс зүйн дүрэм, соёлын байгууллагыг аттестатчилах, соёлын ажилтан, уран бүтээлчдэд мэргэжлийн зэрэг олгох, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын байгууллага, иргэд кино зураг авах, дүрс бичлэг хийх журам, соёл, урлагийн үйлчилгээний болон орчны стандартыг баталж мөрдүүлэх, соёлын үйлдвэрлэлийг дэмжих, Дэлхийн өвд бүртгэгдсэн монголын соёлын болон байгалийн өвийн талаар үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, төвийн болон бүсийн төрийн өмчит соёлын байгууллага байгуулах, тэдгээрийн бүтцийг тогтоох зэрэг заалтуудыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд нэмж тусгасан байна.

Мөн соёлын байгууллагын ангилал, үйл ажиллагааны хүрээг тодорхойлж, төв, орон нутгийн соёлын удирдлагын тогтолцоог тэнцвэржүүлэх зорилгоор одоо байгаа холбогдох нэгжүүдийн орон тоог нэгтгэн зохицуулах замаар орон нутгийн соёлын удирдлагын тогтолцоог бэхжүүлж, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд соёлын асуудлыг дагнан хариуцсан, мэргэжлийн тодорхой чиг үүрэг бүхий бие даасан нэгж байгуулж ажиллуулах заалтуудыг шинээр нэмсэн байна.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.