Ө.Энхтүвшин:Зүгээр нэмэх биш чанар хариуцлага дагалдаж байгаа
2011.12.20

Ө.Энхтүвшин:Зүгээр нэмэх биш чанар хариуцлага дагалдаж байгаа

УИХ-ын нэр бүхий гишүүд боловсролын шинэчлэл, шинэ стандарттай уялдуулан боловсролын салбарт ажиллагсдын мэргэжлийг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг өргөж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалт давтан сургалтын тогтолцоог боловсронгуй болгох зохицуулалтыг хийх Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ талаар хууль санаачлагчдын нэг УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшингээс тодруулсан юм.

-Та хэсэг гишүүнтэй хамтран Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлаад өргөн барьсан байна. Гэтэл Монголын багш нар нийгмийн асуудлаа сайжруулж, цалингаа нэмүүлэхээр ажил хаялт хүртэл зохион байгууллаа. Та нарын өргөн барьсан төсөлд дээрх асуудлыг шийдэх гарцыг тусгасан уу. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол үзэл санаа нь юу юм бэ?

-2007 онд би БСШУ-ы сайд байх үедээ Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад батлуулж байсан. Тухайн үед нэлээн хэдэн зүйлийг нь төсвийн чадамжаас болоод хасчихсан. Хөдөө сум, багт ажиллаж байгаа багш нарт таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх асуудал ороод батлагдаж байсан л даа. Гэхдээ зөвхөн багш нарынх нь батлагдаад нэг хэсэг хүмүүсийнхийг түр хойш тавьсан. Тэр хүмүүсийг нэмж оруулж ирэх тухай асуудал энэ хуулийн төсөлд багтсан.

-Хэсэг хүмүүс гэдгийг тодруулахгүйюу?

-Цэцэрлэгийн багш, эрхлэгч, туслах багш, арга зүйч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны болон албан бус боловсролын багш, номын санч, эмч нарыг хамруулж байгаа. Дээрх хүмүүст таван жил тутамд нь зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгоно гэсэн үг.

Түүнээс гадна сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журмыг Засгийн газар шийдэхээр оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ Засгийн газарт эрх өгч байна. Мөн сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журмыг БСШУЯ тогтоохоор төсөлд тусгасан. Өнөөдөр багшийн мэргэжил дээшлүүлэх асуудал хаягдчихсан байна. Тиймээс таван жил тутамд заавал аймгийн төв, эсвэл нийслэл хотод ирж мэргэжил дээшлүүлнэ, мөн зардлыг нь улсаас даана гэх мэтээр Засгийн газар журамдаа оруулах юм.

-Багш нарт үр дүнгийн урамшуулал олгох тухай асуудал байгааюм билээ?

-Байгаа. Үүний хэмжээ журмыг нь Засгийн газар гаргах ёстой гэж тусгасан. Өнөөдөр зөвхөн цалингийн тухай л ярьж байна. Гэтэл цалингаас өөр хэлбэрээр орлогыг нь нэмэх олон боломж бий. Түүнээс гадна боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчдыг таван жил тутамд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах асуудлыг шийдэхээр шинэчилсэн найруулгад оруулсан. Түүнд шаардлагатай хөрөнгө мөнгийг аймгийн Засаг дарга болон эрүүл мэндийн төрийн бусад байгууллагатай хамтран шийдэх юм.

-Үр дүнгээс гадна ажилласан жилийнх нь урамшууллын асуудал яригддаг. Тэр тусмаа хөдөө орон нутгийн багш нарт энэ төрлийн урамшуулал байх ёстой санагддаг?

-Боловсролын хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан бол тэтгэвэрт гарахад нь 24 сар, түүнээс сум, баг, тосгонд арав болон түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгож байх заалт Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бий. Өмнө нь 36 сарын урамшуулал гэж байгаагүй.

-Та бүхний өргөн барьсан хуулийн төсөл батлагдвал хэрэгжүүлэхэд хэдий хэрийн хөрөнгө шаардагдах судалгааг хийсэн үү?

-Шаардагдах хөрөнгийн хувьд нэг их биш. Жилдээ гурав орчим тэрбум төгрөг. Гэхдээ гурван тэрбум төгрөг бол эхний жилдээ л шаардагдана. Дараа жилээс нь таван жил тутам олгох урамшууллын мөнгө хасагдаад явчих учраас шаардагдах мөнгө нь багасна. Багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавиад жагсах нь аргагүй. Хэцүү нөхцөлд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа мөртлөө хувийн компанийн харуулаас бага цалин авдаг. Амьдрал нь хүнд байгаа учраас аргагүйн эрхэнд ажил хаях алхам хийж байна. Тэдний үйлдлийг буруутгах зүйл ерөөсөө байхгүй. Харин ч хүндэтгэлтэй хандаж Боловсролын тухай хуульд хийвэл зохих өөрчлөлтийг УИХ, Засгийн газар аль нь ч хийх хэрэгтэй.

-1995 оноос өмнө чөлөөндөө гарсан багш нарын авч байгаа тэтгэвэр бас их бага. Тэр хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгах асуудалд хэр анхаарч байна?

-Энэ асуудлыг би Ерөнхий сайдад хэлсэн. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан багш нарын тоо их цөөхөн байдаг. Тэдний асуудлыг Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хамруулахыг Засгийн газар өөрөө хийнэ гэж байсан. Ерөнхий сайд тооцоо судалгааг нь хийлгээд оруулж ирэхээ мэдэгдсэн байгаа. Гэхдээ нэг удаагийн буцалтгүй тусламж гэж оруулж ирнэ.

-Өнөөдөр энэ салбарт тулгамдсан хамгийн том асуудал нь цалингийн хэмжээ биш боловсролын чанар. Багш нарыг чадваржуулах талаар ямар заалт тусгагдсан бэ?

-Урамшуулал гэдэг цаагуураа чанар дагуулж байгаа юм л даа. Мэргэжлийн зэрэг нэмэгдэл хөлс олгох, үр дүнгийн урамшуулал олгох гэж тусгагдсан нь чанарын асуудал яригдана. Засгийн газар өөрөө шийдвэр гаргаад сайн багш нараа урамшуулна, тэгэхийн тулд цаанаа фонд гаргаад ав гэж байгаа юм. Түүгээрээ нэг жилд хэдэн багшид, үр дүнгийн урамшуулал олгох ёстой, тэр тоогоороо мөнгийг нь өгөх юм. Зүгээр нэг цалин нэмэх биш түүний ард чанар, хариуцлага гэдэг зүйл байнга дагалдах ёстой.

-Хотын багш нарт бас асуудал бий. Тухайлбал хөдөө, орон нутгийн багш нарт ажилласан жилийн урамшлал бага ч гэсэн өгч байна. Гэтэл бид ч ялгаагүй хүнд нөхцөлд олон цагийн ажил хийдэг гэж. Энэ асуудлыг зохицуулах заалт та бүхний өргөн барьсан хуулийн төсөлд бий юу?

-Хөдөө орон нутгийн багш нарт урамшуулал олгох болсон нь тухайн үед тэнд ажиллах боловсон хүчин цөөрсөнтэй холбоотой. Тиймээс хөдөөгийн сургуулийн сургалтыг чанаржуулах болон тэнд ажиллах багш нарыг тогтвор суурьшилтай байлгах талаар хийсэн урамшуулал юм. Харин хотын багш нарын тухайд тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал гэж өгөлтэй нь биш. Тиймээс үр дүнгийг нь харгалзан олгодог урамшуулал хэрэгтэй юм.

-Энэ хуулийн төслийг хэзээ хэлэлцэж эхлэх бол?

-Бидний өргөн барьсан хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн. Тийм болохоор энэ долоо хоногийн сүүлээр УИХ-аар орчих байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.