Үйлдвэрлэл эрхэлбэл газрын төлбөрөөс 10 жилийн турш 100 хувь чөлөөлнө
Хуулийн нэр: Чөлөөт бүсийн тухай хууль
Өргөн барьсан он, сар, өдөр:2014.06.12
Батлагдсан он, сар, өдөр:2015.02.12
Хуулийн зүйл, заалт: 9 бүлэг 26 зүйл
Монгол Улсад Халх гол, Алтанбулаг, Цагааннуур, Замын-Үүд зэрэг томоохон чөлөөт бүсүүд бий.
Чөлөөт бүсийн тухай шинэ хуультай болсноор чөлөөт бүсүүдийн эрх зүйн орчин илүү боловсронгуй болж эдийн засаг хөгжихөд тус дөхөм болно гэж найдаж байна. Өнөөг хүртэл чөлөөт бүсийг хөгжүүлэхэд дэд бүтцийн асуудал учир дутагдалтай байсаар ирсэн. Тухайлбал, “Замын-Үүд” чөлөөт бүс байгуулах талаар 1995 оноос хойш чөлөөт бүс байгуулах тогтоол, 2003 онд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль гарган 2004 онд “Замын үүд” чөлөөт бүсийг байгуулахаар шийдвэрлэжээ.
Гэтэл энэ бүх хууль тогтоомжууд “Замын-Үүд” чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байсан учраас 2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулиар өмнөх бүх хуулийг хүчингүй болгожээ.
Чөлөөт бүсийн тухай шинэ хууль батлагдсанаар хилийн боомтын бүсэд чөлөөт бүсийг түлхүү байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, тухайн бүсэд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний шинэ салбарыг хөгжүүлж бизнесийн таатай орчныг бүрдүүлэх боломж бүрдсэн. Хуульд чөлөөт бүсэд татварын харилцаа, бизнес, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх нь цахим нэг цонхны үйлчилгээнд суурилна гэж заажээ.
Чөлөөт бүс байгаль орчинд ээлтэй байх ёстой
Чөлөөт бүс нь бизнесийг дэмжих зорилгоор ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан, тухайн бүс нутаг авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудалтай, бүсэд ашиглах усны нөөц, эрчим хүчний хангамж сайтай, хот байгуулалтын норм, дүрэм, стандарт, орон зайн нөхцлийг хангасан байх, байгаль орчинд ээлтэй, бүс нутгийн тогтвортой хөгжил, орон нутгийн эдийн засаг, ажилгүйдлийг бууруулах мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй газар байх ёстой аж.
Мөн үндэсний барааг гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад НӨАТ-ыг тэг хувиар тооцно
Хэд, хэдэн нөхцөлд татвар ногдуулахгүй
Чөлөөт бүсэд дараах хөнгөлөлт чөлөөлөлтүүд байна. Үүнд, импортын бараанд гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй. Мөн үндэсний барааг гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад НӨАТ-ыг тэг хувиар тооцно. Зорчигчийн худалдаж авсан 3,0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө. Барааг чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад татвар ногдуулахгүй байхаар заажээ.
Уг хуулиар чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, харин гуравдагч улсын иргэн Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчиж болно. Тэд үндэсний болон гадаадаар валютаар үйлчлүүлэх эрхтэй.
Мөн хуульд нэгэн чухал заалт тусгагдсан нь чөлөөт бүс дэх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудал юм. Тухайлбал тухайн бүс дэх ААН, байгууллага, иргэн гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлоготой болгосон бол ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх юм.
Мөн хуульд нэгэн чухал заалт тусгагдсан нь чөлөөт бүс дэх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудал юм
Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн шаардлагад нийцсэн бол чөлөөт бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, ОУ-ын банк, санхүү, төлбөрт таавар, бооцоот тоглоом зэрэг бүх төрлийн үйлчилгээ явуулж болно.
Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба ААН, байгууллага, иргэний орлогын албан татвараас, төрийн өмчийн барилга байгууламжийг эзэмшиж ашигласны болон үйлчилгээ үзүүлсний төлбөр, газрын төлбөр зэрэг орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.
"Харин чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллага газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувийн хөнгөлөлт эдлэх эрхтэй. Хэрэв дэд бүтэц, үйлдвэрлэл эрхэлж байгаа бол ашиглаж буй газрын төлбөрөөс 10 жил 100 хувиар чөлөөлөх юм"
Чөлөөт бүс нь улсын онцгой обьектод хамаардаг. Тийм ч учраас чөлөөт бүсийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулах үүргийг цагдаагийн байгууллагад даатгажээ. Харин чөлөөт бүсэд баримтлах тусгай дэг журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг нь хүчингүй болгоно гэж заасан байна.